Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Барилгын угсралт, техникийн аюулгүй байдал, зураг төсөл, барилгын ажлын чанарыг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах тухай

2024-02-22

Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай, хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, норм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, барилгын угсралт, зураг төслийн ажилд илэрсэн дутагдлуудыг арилгах, эрсдэлтэй обьектын тоог бууруулах, захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, дотоодын хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажиллах талаар дараахь “Зөвлөмжийг”-ийг хүргүүлж байна.

1.Барилгын тухай хуулийн талаар;
Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу авч хэрэгжүүлэх.
Хуулийн 4 дүгээр зүйлийн нэр томьёоны тодорхойлолт хэсгийн 4.1.4 дэх /барилга байгууламжийн баримт бичиг” гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, ил далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг;/ заалтын дагуу бичиг баримтын бүрдлийг хангах.

Захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэчийн хуульд заасан чиг үүргээс:
38.1.2 дахь /барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч тухайн зураг төслийг баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээх;/,
37.1.Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 37.1.3 дах /барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх;/, 37.4 дэх /Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно./,
40.1.Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй: 40.1.12 дах /барилга байгууламжийн хийц, бүтээцийн даацын бат бэхийг барилгын ажлын үе шат бүрд лабораторийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулан баталгаажуулах;/, 40.1.17 дах /барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж баталгаажуулах;/ заалтуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх;

12 дугаар зүйл. Барилгын зураг төсөлд тавих шаардлага:
12.1.6. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байх;
12.1.7. барилгын ажилд аюулгүй ажиллагааг хангах хөдөлмөр зохион байгуулалтын зураг боловсруулсан байх;
12.1.4. нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх;
Хот байгуулалтыг тухай хууль:

12.6.3. Төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна. Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх зориулалт бүхий талбайтай байна.
12.8. Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна.заалтуудыг мөрдөх.

2. Өргөх байгууламжийн чиглэлээр;
1. Өргөх байгууламж эзэмшигч, ашиглагч байгууллага нь өргөх байгууламж, түүний ашиглах зөвшөөрлийг хяналтын байгууллагаас авч ажиллах;
2. Өргөх байгууламжийг ажиллагаанд оруулахын өмнө үзлэг, шалгалт, засвар, тохируулга, туршилтын ажлыг хийж туршилтад тэнцсэн үед акт үйлдэж, техникийн паспортад тэмдэглэл хийж ашиглах;
3. Өргөх байгууламжийн ажиллагаанд хяналт тавьж, засвар, үйлчилгээг тогтмол хийж бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах;
4. Техникийн ээлжит магадлалыг 12 сар тутамд нэгээс доошгүй удаа хийх.
5. Бүрэн бүтэн байдал хариуцагч, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, ашиглалт хариуцагч нарыг томилсон тушаал, засвар хийсэн байдал, техникийн магадлалыг /дугаар, он, сар, өдөр/ паспорт дээр гарын үсгээр баталгаажуулах;
6. Өргөх байгууламжаар паспортад заасан даацаас хэтрэхээргүй ачааг өргөх буюу шилжүүлэх;

3. Цэвэр бохир ус хангамжийн чиглэл:
Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль:
15.1.10 .хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах;
17.12. Шинээр төлөвлөж байгаа барилга байгууламжийн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэршүүлэн ашиглах асуудлыг батлагдсан стандарт, норм, дүрмийн дагуу хэрэгжүүлнэ.
17.6. Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно.
17.7.Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна.
17.14. Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно.
Мөн Ус хангамж, гадна сүлжээ ба байгууламж БНбД 40-02-06, Дотор сантехникийн систем БНбД 40-06-16, норм дүрмүүдийг үйл ажиллагаандаа мөрдөх.

Барилгын материалын чиглэл: Барилгын тухай хууль:
13.2.Барилгын материал, бүтээгдэхүүнийг барилга байгууламжийн зориулалт, төлөвлөлтийн дагуу сонгож зураг төсөлд тусгана.
13.3.Барилга байгууламжийн зураг төсөлд барилгын материал, бүтээгдэхүүний стандартын шаардлагын тухай мэдээллийг тусгана.

4. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралт,
Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журамын талаар;
1.5. Энэхүү журмын 1.4-т зааснаас бусад тохиолдолд "Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-ыг тухайн байгууллага, аж ахуйн нэгж өөрөө баталж мөрдөнө.

5. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан Хотын стандартыг хэрэгжүүлэн мөрдөх талаар:
1. Хотын стандарт: UCS 0301В:2022 /Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах техникийн ерөнхий шаардлага /-ыг хэрэгжүүлэх.
2. Хотын стандарт: USC 1405В:2022 /Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага/-ыг хэрэгжүүлэх.
3. Хотын стандарт: USC 1706А:2022 /Барилгын хог хаягдлын менежмент /-ыг хэрэгжүүлэх.
4. Хотын стандарт: USC 1410В:2022 /Хашаа, хайс, хашлаганд тавих ерөнхий шаардлага /-ыг хэрэгжүүлэх.

6. Барилгын угсралтын талаар:
1. Барилгын угсралтын ажлын төрлөөр нь барилгын норм ба дүрмүүдийг /БНбД/ мөрдөж, хэрэгжилтийг хангуулж ажиллах;
2. Барилгын үндсэн даац бүтээцийн бетон цутгалтын ажлыг “Цутгамал төмөр бетон бүтээц” БНбД 52-02-05-ын 9.1-д заасан хоногийн дундаж температур 5 хэмээс бага буюу өдөрт 0 хэмээс илүү дулаарахгүй болсон өвлийн нөхцөлд ердийн аргаар (нэмэлт арга хэмжээгүйгээр) гүйцэтгэхгүй байх;
3. Инженерийн хийцтэй барилга байгууламжийн үндсэн бүтээцийн бетон зуурмагийг тусгай зөвшөөрөл бүхий төвлөрсөн зуурмагийн узелээс авч хэрэглэх;
4. Барилгад зураг төслийн болон стандартын шаардлага бүрэн хангасан барилгын материал хэрэглэж байх, стандарт тогтоогоогүй бүтээгдхүүн материалуудыг итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээ туршилтанд тогтмол хамруулж үе шатны далдлагдсан ажлын чанарыг баталгаажуулах;
5. Цутгамал хийц бүтээцийн цутгалтын үед арматурын хамгаалалтын үеийг алдаж цутгасан, цутгалтын үед хомын болон ажлын, холбоос, хуваарилах арматурууд ил гарсан байдаг тул арматурын ажлыг гүйцэтгэхдээ “Цутгамал бетон ба төмөрбетон бүтээц. БНбД 52-02-05”-ын 3.6-д заасны дагуу угсарч ил, далд ажлын актыг үйлдэж баталгаажуулсан байх;
6. Барилгын угсралтын ажил зогсоод удсан, ажлын арматур, хомутын зэвийг арилгах, зоорийн давхарт ус хуримтлагдаж мөстсөн үед инженер геологийн судалгааны дүгнэлт гаргасан байгууллагаар дахин үзлэг, шалгалт хийлгүүлэн, үргэлжлүүлэн гүйцэтгэж болох эсэхэд мөн цутгамал төмөр бетон бүтээцүүд /багана, дам нуруу, хучилт/-ийн бат бэх, арматурын чанарт лабораторийн шинжилгээ, дүгнэлт гаргуулан угсралтын ажлыг үргэлжлүүлэх;
7. Бетоны цутгалтын ажлын үед хийцийн бетоны нягтруулалт хангалтгүй, нүх сүвтэй, сийрэг цутгагдах дутагдал гарч байгаа тул бетон хольцыг цутгахдаа “Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар. БД 52-102-04”-ийн 11.2. /Бетон хольц цутгах/, 11.3. /Бетоныг бэхжүүлэх ба чанарын шаардлага/, 12 /Чанарын хяналт туршилт, шинжилгээ/-д заасан шаардлагуудыг мөрдлөг болгох;
8. Арагт бүтээцтэй барилгын гадна дүүргэгч ханын өрлөгийн зуурмагийн хэвтээ, босоо дүүргэлт дутуу, заадас нь хүлцэх хэмжээнд бус өрөгдсөн байх зөрчил түгээмэл тул “Өрөгт бүтээц.БНбД 51-02-05”-ын 2.5 /зөв хэлбэр дүрс бүхий чулуу гулдмай болон тоосгон өргийн зуурмагийн дундаж зузаан хэвтээ завсарт 12 мм, босоо завсарт 10 мм байх ёстой./, 3.4 /ханын гулдмай, тоосгон өргийн хэвтээ, босоо хөндлөн заадас болон ялуу, дөр хана, баганын өргийн хэвтээ, босоо, хөндлөн мөн дагуу заадсыг зуурмагаар дүүргэсэн байх шаардлагатай/ -д заасан шаардлагыг мөрдөх;
9. Бетон цутгалтын үеийн хэв хашмалын байдалд хяналтыг сул тавьснаар задрах, геометр хэмжээ алдагдаж цутгагдсан зөрчил илэрдэг тул ажил гүйцэтгэхдээ “Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар. БД 52-102-04”-ийн 11.3 /... Бетон цутгах процесст угсарсан хашлагын байдалд байнгын хяналт тавьсан байна. Хэрэв бетон цутгалтын үед хашлагын элемент шилжсэн ... бүтээцийн чанар хэмжээнд нөлөөлөхөөр бол цутгалтыг зогсоож, засварлана. Цутгасан төмөр бетон бүтээцийн байрлал, хэмжээний зөвшөөрөгдөх зөрүү нь доор зааснаас ихгүй байна. Хана ба багананд +-10 мм, элементийн урт буюу алгасалд +-20 мм/-д заасан шаардлагыг хэрэгжүүлэх;
10. Угсралтын үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж, барилгын эргэн тойронд хамгаалах түр тор, хаалт, хашлагыг “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. БНбД 12-04-06. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 8.20 (Олон давхар каркасан барилгын эдлэхүүнийг угсарч эхлэхээс өмнө тухайн давхрын гадна хүрээгээр хамгаалалтын хашлага заавал тоноглох хэрэгтэй. Доод талын давхруудад мөн уг хамгаалалтын хашлага байх бөгөөд зөвхөн тухайн давхрын гадна ханын хавтанг угсарч эхлэх болон гадна ханыг өрөхөд уг хашлагыг буулгаж болно.) дахь заалтын шаардлагыг хэрэгжүүлэх;
11. Барилгын бетон зуурмагийг цутгах ажилд “Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар” БД 52-102-04 болон “Цутгамал бетон, төмөр бетоны бүтээц” БНбД 52-02-05, БНбД 52-01-10-ын дагуу бетон зуурмагийн конусан суултыг тодорхойлж, цутгасан хийц бүтээц бүрийн бетон зуурмагаас дээж авч, бетоны шахалтын бат бэхийг итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулан цутгамал бүтээцийн бат бэхийг хангуулж байх, цутгалтын дараах бетоны арчилгааг шаардлагын дагуу гүйцэтгэх;
12. Өндөр барилгад насосоор шахах конусын суулт ихтэй, хөдөлгөөнт чанартай бетон зуурмагт зориулалтаас хамааруулан налархайжуулалт, агааржуулагч, бэхжлийн нэмэлтийг зураг төсөлд зааснаар, лабораторийн нөхцөлд баталгаажуулсаны нөхцлөөр хэрэглэж байх;
13. Хөдөлмөрийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1. дэх /Орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно./ заалтад тусгасан цагт иргэдийн тав тухыг алдагдуулахгүй ажиллах,
14. Нийт ажиллагсдыг системтэйгээр мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх сургалтанд тогтмол хамруулах, аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан, зааварчилгаа авсан мэргэжилтэй ажилчнаар ажил гүйцэтгүүлж байх;
15. Барилгын талбайн эмх цэгцийг хангаж, өндрөөс эд зүйл унахаас сэргийлж , аваар осол эрсдэлгүй ажиллах.
16. Барилга угсралтын ажлыг 7 сараас дээш хугацаагаар зогсоохоор бол хамгаалалтын горимд шилжүүлэх.
Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөж байна.

БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ (Хот байгуулалт) З.ГАНБАТ

БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ Ж.ЖҮГДЭРМАА

БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ Н.ЁНДОНСАМБУУ

БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ (Өргөх механизм) Н.ЧИМЭДРЭГЗЭН

БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ (Ус хангамж ) Б.ТЭМҮҮЛЭН

БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ (Барилгын материал ) Т.ОЙДОВДОРЖ