Хотын стандарт, хяналтын газар
Хотын стандарт, хяналтын газар нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтууд, Нийслэлийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас хотын стандартын тогтолцоог хөгжүүлэх талаар баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Нийслэл хотын хөгжлийг чиглүүлэх хотын стандартын тогтолцоог хөгжүүлнэ.
Хотын стандартын тогтолцоог хөгжүүлж хотын засаглал, бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээнд дэлхийн жишигт хүрсэн чанарыг нэвтрүүлж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана.
Төрийн албаны ёс зүйг дээдлэн сахиж, үнэнч шударга, ил тод байдлыг эрхэмлэн ажиллана.
Нийслэл хотын хөгжлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхи, санаачлага, хүсэл зориг, хөдөлмөр, зүтгэлээр бусдыг үлгэрлэн манлайлна.
Албан хаагч бүрийг сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлж, нийслэл хотынхоо төлөө урам зориг, эрч хүчтэйгээр ажиллах сэтгэл зүйн болон ажлын таатай орчныг бий болгох байгууллагын соёлыг төлөвшүүлнэ.
Хариуцсан ажлынхаа чанар, гүйцэтгэлийг төлөвлөсөн хугацаанд нь, зорилтот түвшинд нь хүргэхийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана.
Орчин үеийн техник, технологи, ололтот туршлагыг эзэмшиж үнэ цэнээ нэмэгдүүлэн төрийн албан хаагч болон хувь хүний хувьд тасралтгүй хөгжинө.
Нийслэлийн хөгжлийн бодлогод нийцүүлэн хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх;
Хотын стандартыг боловсруулах, эрх бүхий байгууллагаар батлуулах;
Хотын стандартыг хэрэглэх, дагаж мөрдөхөд чиглэсэн удирдамж, арга зүйн тогтолцоог хөгжүүлэх;
Хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих;
Хотын стандарт болон хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх;
Хотын стандарт батлуулах талаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, арга зүйгээр хангах;
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, баталгаажуулах, ашиглалтын гэрчилгээ олгох, мэдээллийн сан бүрдүүлэх;
Стандарт, норм, дүрмийг мөрдүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэдээлэл, сургалт, арга зүйгээр хангах, зөвлөн туслах, сурталчлан таниулах;
Газрын дарга
Байгууллагын дүрмээр хүлээсэн чиг үүрэг, түүнтэй холбоотой хууль тогтоомж, дотоод дүрэм журмын хэрэгжилт, үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн байдлыг хангуулах зорилгоор жил, улирал, цаг үеийн ажлыг төлөвлөх, тайлагнах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, байгууллагын ил тод байдлыг хангах, төсөв, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, тайлагнах, түүнд хяналт тавих, архив, албан хэргийг холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, зааврын дагуу хөтлөх, байгууллагын удирдлага, албан хаагчдыг дээрх чиглэлээр зөвлөмж, арга зүйгээр хангах үндсэн үүрэг хүлээнэ.
Хэлтэс нь хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тавигдах чанарын шаардлагыг тодорхойлж Улаанбаатар хотыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын чиглэл, хөтөлбөр, төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд үр ашигтай, үр нөлөөтэй байдлыг хангуулахын тулд чиглэсэн хотын стандартуудыг боловсруулж батлуулан хотын стандартын тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2020 оны 206, 216, 217 дугаар тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам", "Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам", "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам" болон Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын хүрээнд дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн, хяналт тавьж газрын удирдлага, албан хаагчдыг удирдлага арга зүйгээр ханган ажиллах үндсэн үүрэг хүлээнэ.
Хэлтэс нь Нийслэлийн худалдаа, үйлчилгээний салбарт тавигдах чанарын шаардлага, үйлчилгээний соёлыг сайжруулж нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй, ая тухтай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангахад чиглэсэн хотын стандартуудыг боловсруулж батлуулан хотын стандартын тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Хэлтэс нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогын баримт бичигт байгаль орчны чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн хотын стандартуудыг боловсруулж батлуулах, мөрдүүлэх, хотын стандартын тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй барилга, хот байгуулалтын ажилд стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, барилга, байгууламж, дэд бүтцийг байнгын ашиглалтад оруулах чиглэлээр судалгаа хийх, зөвлөн туслах, комиссын үйл ажиллагааг зохион байгуулах, хот байгуулалт, барилгажилтын мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана
Хэлтэс нь Эрчим хүч (цахилгаан, дулаан), Автотээвэр, Авто зам, Харилцаа холбоо, Газрын тос, хийн хяналтын чиглэлэлээр төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, зөрчлийг арилгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах, нийтээр дагаж мөрдөх хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах, сурталчлан таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Хэлтэс нь Барилгын техник, Хот төлөвлөлт, Өргөх байгууламж, Усан хангамж, ариутгах татуурга, Барилгын материалын чиглэлээр Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах, зөрчлийг арилгах, зөрчлийг шалган шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлж, нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах, сурталчлан таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Дүрмээр хүлээсэн чиг үүргээр албан хаагчдаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг шилжүүлэх, төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс сонгон шалгаруулах замаар хүний нөөцөө бүрдүүлэн ажиллаж эхэлсэн.
“Нэг хот - Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан хаагчдид, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нарын дунд зохион байгуулав.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1022 дугаар захирамжаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж ХСОАБХЗГ-ын дарга С.Төмөрдулам комиссыг даргалан ажиллаж эхэлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1039 дүгээр захирамжаар тус байгууллагын нэрийг “Хотын стандарт, хяналтын газар” болгон өөрчилсөн.
2019 оноос хойш дэлхийн жишиг хотуудын стандарт, нормыг Улаанбаатар хотод тулгамдаж буй өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан судалж 22 бүлэг сэдвийн хүрээнд 97 хотын стандартыг боловсруулсан бөгөөд эдгээр стандартуудын эхний ээлж болох 9 бүлгийн 38 хотын стандартыг НИТХ-ын чуулганаар батлуулж Улаанбаатар хот анх удаа тусдаа стандарттай болов.