Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Авто машины угаалгын үйлчилгээнд тавигдах шаардлага, аюулгүй байдал, үйлчилгээний эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах тухай

2024-04-09

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 479 дугаартай тогтоолоор батлагдсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 34.1 дэх хэсэг болон Нийслэлийн Засаг даргын “2024 оныг тохижилт бүтээн байгуулалтын жил болгон зарлах тухай” А/01 дугаартай захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Автотээврийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох журам, үндэсний стандартын хэрэгжилтийг хангуулж, автомашины угаалгын үйлчилгээнд тавигдах шаардлага, аюулгүй байдал, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах үүднээс үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

1. Авто угаалгын үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэн нь Автотээврийн тухай хуулийн 192 дугаар зүйл болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/112 дугаартай тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын 2.1 дэх заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагаар үйлчилгээний ангиллаа тогтоолгох;

2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийтлэг журам”-ыг үндэслэн байгууллагын дотоод хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлэх;

3. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалт /Техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх/-д заасны дагуу цахилгаан дамжуулагч утас болон кабелийн хөндийрүүлэгч, бүрхүүлийг хэт халаах, богино холбоо үүсгэх, оч гарах нөхцлийг бүрдүүлсэн байвал аюулгүй байдлыг хангах хүртэл сүлжээнээс салгах, засварлах, солих арга хэмжээ авах;

4. Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1.1.8 -д (Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангахаар бүрэн бүтэн байх ёстой) -гэж заасны дагуу ашиглалтын явцад тусгаарлах шинж чанараа алдсан гэмтэлтэй, хөндийрүүлэгчтэй кабель утас, холболтын хайрцаг, залгуур, унтраалга, цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх;

5. “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын 3.2.7-д заасны дагуу үйлчилгээ эрхлэгч нь усаа дахин цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглах;

6. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 4.3-д заасны дагуу авто үйлчилгээ эрхлэх талаар харъяа дүүргийнхээ Засаг даргын дэргэдэх “Зөвлөл”-тэй гэрээ байгуулж, үйлчилгээний мэдээллийн санд бүртгүүлэх, ажлын байрны гадна болон дотоод орчны аюулгүй байдлыг хангах хяналтын сүлжээнд холбох, ажиллагсад ажлын онцлогт нийцсэн дүрэмт хувцсыг өмсөх;

7. “Автомашины угаалгын үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5347:2003 улсын стандартаас
-7.1-д “харъяа нутаг дэвсгэрийнхээ автотээврийн ажил үйлчилгээг зохицуулдаг эрх бүхий мэргэжлийн болон бүртгэх байгууллагад бүртгүүлж, дүгнэлт гаргуулсан байхаас гадна угаалгын барилга, байгууламжийг эзэмших, ашиглахтай холбогдсон баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлэх;

- 7.2-д “автомашин угаах ажил үйлчилгээ нь хүрээлэн буй орчин, оршин суугчдад сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй, галын болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, хөдөлмөрийн эрүүл ахуйн болон тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх;

- 7.3-д “ажил үйлчилгээтэй холбогдсон угаалгын технологийн карт, техникийн болон эрүүл ахуйн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын заавар, журмыг мөрдөж ажиллах;

- 7.4-д “автомашиныг угаахад зориулалтын угаагч шингэн, нунтгийг хэрэглэх;

- 7.5-д “угаагчийг ус нэвтэрдэггүй малгай, бээлий, гутал, ажлын хувцсаар бүрэн хангах;

- 7.7-д “автомашиныг угаалгын байранд байрлуулахдаа зогсоолын тоормосыг ажиллуулахаас гадна налуу талбайд өнхрөхөөс хамгаалсан ивүүрийг заавал хэрэглэх;

- 8.1-д “автомашины угаалгын үйлчилгээний барилга, байгууламж, түүний инженерийн шугам сүлжээ нь “Барилгын норм ба дүрэм” СНиП – II-93-74-т заасан норматив шаардлага хангаж ажиллах;

- 8.2-д “автомашины угаалгын барилга, байгууламж нь агааржуулах, гэрэлтүүлэх, дулаацуулах систем, галын аюулгүйн багаж хэрэгслээр бүрэн хангагдсан, тэдгээр нь хэвийн ажиллагаатай байх;

- 9.2-д “автомашин угаагч нь угаалгын байрны технологийн тоног төхөөрөмж, багажийг бүрэн эзэмшсэн, автомашины угаалгын технологи ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн холбогдох дүрэм, журам, зааврыг судалж, тэдгээрийг мөрдөж ажиллах чадвартай мэргэжлийн сургалтад хамрагдсан байх;

Энэхүү зөвлөмжийг ажил үйлчилгээндээ хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөж байна.

АВТО ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Ц.ХАДБААТАР