Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Улсын ахлах байцаагчийн зөвлөмж

2024-01-25

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө,Эдү апартмент, Интернейшнл эдюкейшн скүүл оф Монголиа (Глобал сургууль) сургууль орчимд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэл хүрээ өргөн чөлөө орчмын Сууц өмчлөгчдийн холбоо, барилга, байгууламжийн өмчлөгч, эзэмшигч нарт үүсэж болох эрсдэл, орчны аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Хотын стандарт, хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын (ахлах) байцаагчдаас дараах ЗӨВЛӨМЖИЙГ хүргүүлж байна.

1. Барилгын тухай хуулийн 46.1.3 дахь заалт (барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх;)-ыг хэрэгжүүлж, барилга, байгууламжийн үндсэн хийц бүтээц, хана, барилгын гадна фасад, дээврийн хэсэгт эвдрэл гэмтэл үүссэн эсэхийг тодруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх;

2. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйл (Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн үүрэг)-ийн 46.1.5 дахь заалт (барилга байгууламжийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн болон экологийн шаардлагыг хангуулах;)-ын дагуу өөрийн эзэмшлийн барилга, байгууламжид галын эрсдэлээс шалтгаалсан эвдрэл гэмтэл үүссэн эсэхийг үзлэг хийж тодруулах, шаардлагатай тохиолдолд оршин суугчдын эд хөрөнгө,эрүүл аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, барилга, байгууламжаас өндрөөс унах эрсдэлийг тооцох, үндсэн хийцээс салсан, ачаалал авахгүй болсон эд хөрөнгөд байгаа эсэхийг нарийвчлан үзэж шалгах;

3. Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйл (Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар, үйлчилгээ)-ийн 14.1 дэх заалт (Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, дэвсгэр болон орчны газар, орчны зам, талбайн тохижилтын ажлыг тогтмол хийж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг хариуцна.)-ыг хэрэгжүүлж хариуцсан орон сууцны орчны аюулгүй байдлыг хангуулж, эрсдэл үүсэх нөхцөлөөс урьдчилан сэргийлэх;

4. Тус хуулийн 14.7 дахь заалт (Орон сууц болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирол, гэмтэл /цэвэр, бохир ус, халаалт, хэрэглээний халуун усны шугам, тоног төхөөрөмж хагарч гэмтэх зэрэг/-ийг арилгах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тухайн гэрээт мэргэжлийн байгууллага хариуцна.)-ыг хэрэгжүүлж, барилга байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулж, гэрээт байгууллагуудаар үзлэг шалгалтыг хийлгүүлж, зөрчил дутагдлыг тухай бүрд арилгуулах;

5. Мөн тус хуулийн 16.5 дахь заалт (Нийтийн зориулалттай орон сууцны байшинд энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.)-ын дагуу орон сууцанд үйл ажиллагаа эрхэлж буй худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд мэдээлэл өгч, хариу арга хэмжээг боловсруулах, шаардлагатай тохиолдолд үйлчилгээний хэсэгт хүн ам ихээр цугларуулахгүй байх;

6. Үзлэгээр илэрсэн бөгөөд хүн хүч шаардлагатай эвдрэл гэмтлийг салбарын төрийн хяналт хэрэгжүүлэх байгууллага буюу Хотын стандарт, хяналтын газарт мэдээллэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ З.ГАНБАТ