Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

БАРИЛГЫН АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 195 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны Үлгэрчилсэн журам”-ын хүрээнд Барилгын ажлын аюулгүй ажиллагааны журмын төслийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас санал авч нэгтгэн боловсруулах ажил хийгдэж байна. Иймд барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээд та бүхэн дээрх журмын төсөлтэй танилцаж саналаа дараах QR кодыг ашиглан ирүүлнэ. Санал ирүүлэх хугацаа: 2024-11-11 НИЙСЛЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАТЫН ГАЗАР

2024-10-10

БАРИЛГЫН АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл:

1.1.Энэ журмын зорилго нь барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Барилгын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актай нийцсэн байна.

1.3.Энэ журмыг Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилга байгууламж бариулж буй барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогч, барилга, байгууламж /өргөх байгууламж, инженерийн шугам сүлжээ/-ийн зураг төсөлд магадлал хийх эксперт, барилгын ажил гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээд, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, барилгын салбарын ажилтан, барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, барилга байгууламжийн техникийн улсын хяналтын хэрэгжүүлэгч этгээд болон бусад барилгын үйл ажиллагаанд оролцогчид өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дагаж мөрдөнө.

1.4.Барилгын үйл ажиллагаанд оролцогч бүх талууд Холбогдох хууль, тогтоомж болон Монгол Улсын барилгын норм ба дүрмүүд /БНбД-12-03-04, БНбД-12-04-06/, Улаанбаатар хотын стандарт UCS /0301B:2022, UCS 0901B:2022, UCS 1706A:2022, UCS 1701A:2022/-уудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлбэл зохино.

Хоёр.Барилгын ажлын зохион байгуулалтад тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага:

2.1.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хөрөнгө оруулагч, захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч хариуцан хэрэгжүүлнэ.

2.2.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг барилгын ажлын зохион байгуулалт, технологийн үйл ажиллагаатай нь уялдуулж хангах талаар дараах баримт бичигт тусгана:

2.2.1.цогцолбор барилга байгууламж, хороолол, бичил хороололын хувьд барилгын зохион байгуулалтын төсөл; 2.2.2.тусгайлсан барилгын хувьд ажил гүйцэтгэх төсөл.

2.3.Энэ журмын 2.2.1-д заасан цогцолбор барилга байгууламж, хороолол, бичил хорооллын барилга байгууламжийн “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, ”Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг захиалагч боловсруулж батална.

2.4.Энэ журмын 2.2.2-д заасан тухайлсан барилга байгууламжийн “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, “Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг гүйцэтгэгч боловсруулж, захиалагчтай хамтран батална.

2.5.”Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”,”Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”, ”Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, ”Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхээс барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

2.6.Хороолол, бичил хорооллын дунд барилгын ажил гүйцэтгэхдээ тухайн орчинд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг алдагдуулахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглах, замын орц, гарцыг хаах зэрэг асуудлыг захиалагч зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна.

2.7.Захиалагч гүйцэтгэгчтэй хамтран барилгын ажил эхлэхийн өмнө тухайн барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан шаардлагатай санхүүжилтын зардлыг тооцож гаргасан байна.

2.8.Энэ журмын 2.7-д заасан зардалд барилгын ажлын талбайн зохион байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлаас гадна дараах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зардлыг заавал тусгана.

2.8.1.барилгын гадна хашаа, шат, унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага, ажилчдын ахуйн байр, аюулгүй бүсийг тогтоох хашлагын хамгаалалт;

2.8.2.”Барилгын төсөв зохиох дүрэм”-д барилгын ажилчдын хөдөлмөрийн багаж хэрэгсэл, ажлын хувцас, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний болон нэмэгдэл зардлыг заасан.

2.9.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд гарч болзошүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байрны эрсдэлийн үнэлгээг дараах нөхцөлд хийнэ:

2.9.1.барилгын үе шатны ажил эхлэхийн өмнө ажилбар бүрд;

2.9.2.дотоод хяналтаар зөрчил илэрсэн тухай бүрд;

2.9.3.ажлын байр өөрчлөгдөх бүрд;

2.9.4.туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээт ажил эхлэх бүрд;

2.9.5.шинэ технологи, арга барил, материал, бодис хэрэглэх бүрд;

2.9.6.үйлдвэрлэлийн осол, гэмтэл гарах бүрд;

2.10.Энэ журмын 2.9.1 “барилгын үе шатны ажил эхлэхийн өмнө ажилбар”, 2.9.3 “ажлын байр өөрчлөгдөх”, 2.9.5 “шинэ технологи, арга барил, материал, бодис хэрэглэх”, 2.9.6 “үйлдвэрлэлийн осол, гэмтэл гарах” заалтуудад заасан үнэлгээг ерөнхий гүйцэтгэгчийн талбайн инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, мөн журмын 2.9.2, 2.9.4 заалтуудад заасан үнэлгээг ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн тухайн асуудал хариуцсан инженер тус тус хариуцан гүйцэтгэнэ.

2.11.Эрсдлийн үнэлгээ хийхдээ ажилтнуудын нэр зааж томилсон тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг заавал оролцуулна.

2.12.Гүйцэтгэгч үйл ажиллагааны эрсдэлийн түвшингээс хамаарч 1-ээс дээш тооны орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна.

2.13.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баг, ажилтан холбогдох сургалтанд хамрагдаж дараах чадварыг эзэмшиж, мэргэшсэн байна:

2.13.1.ажлын байранд болзошгүй аюул, осол гарах нөхцлийг мэддэг байх;

2.13.2.ажлын нөхцөл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүйг шалгаж, илрүүлэх чадвартай байх;

2.13.3.хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн шаардлагыг хангах шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чадвартай байх;

2.14.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баг, ажилтан энэ журмын 2.7-д заасан төлөвлөгөөний дагуу аюулгүй ажиллагааны сургалт, ажлын байрны үзлэг, шалгалтыг барилгын үе шатны ажилтантай уялдуулан долоо хоног, сар, улирлаар төлөвлөж гүйцэтгэнэ.

2.15.Энэ журмын 2.7-д заасан ажлыг гүйцэтгэхтэй холбогдон гарах зардлыг гүйцэтгэгчийн эрх бүхий ажилтан тухай бүр баталж, зарцуулна.

2.16.Талбайн инженер, хэсгийн инженер (цахилгааны инженер, механик инженер, сантехникийн инженер), бригадын дарга, ахлах тогооч, ахлах нярав, харуулын ахлах зэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтнууд энэхүү хуулиар олгосон үүргийнхээ дагуу өөрийн удирдлагад ажилладаг нийт ажилтануудад өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт. Зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS4969:2000 стандартыг баримтлан өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна.

2.17.Өдөр тутмын зааварчилгааны агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах, журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод үзүүлэх анхын тусламж зэрэг ба үүгээр үл хязгаарлагдах асуудлууд болно.

2.18.Ажилтны ажлын байр өөрчлөгдөх үед болон ажилд шинээр орсон, үйлдвэрлэлийн дадлагажигч, оюутан, сурагчдад мөнхүү стандартын агуулгаар ажлын байрны анхан шатны зааварчилгаа өгөх ба зааварчилгаа өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвшөөрөл олгоно.

2.19.Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах, журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод үзүүлэх анхын тусламж зэрэг болно.

2.20.Зааварчилгаа өгсөн байдал, анхан шатны албан баримт бичиг болох зааврын агуулга, боловсруулсан байдалд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан шуурхай хяналт тавьж, мэргэжлийн зөвлөгөө, тусламж үзүүлэн, зөрчлийг арилган хамтран ажиллана.

2.21.Ажлыг аюулгүй гүйцэтгэхэд мөрдөх аюулгүй ажиллагааны зааврыг барилгын талбайд байрлуулсан арматур боловсруулах бүх төрлийн тоног төхөөрөмж, ширээ хөрөө, шавар зуурагч, барилгын ирмэг задгай хэсэг, бүх төрлийн давхар хоорондын шат ба түүний хонгил, ажилтнуудын зорчих хэсгүүд, эдгээрээр үл хязгаарлагдах үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйлийн үйлчлэл бүхий газруудад ажилтнуудын нүдэнд ил харагдахуйц, тодорхой байдлаар А4 форматаас багагүй хэмжээгээр хэвлүүлэн, анхааруулах, хориглох, сануулах, заах зэрэг холбогдох санамж тэмдгийн хамт байрлуулна.

2.22.Захиалагчийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан ажилтнууд гүйцэтгэгчийн үйл ажиллагаан дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль, тогтоомж, стандартын шаардлага хэрхэн хэрэгжиж буйд шуурхай хяналт тавьж, хууль, тогтоомжийн шаардлагын хүрээнд нийцүүлсэн дотоод журмын дагуу шаардлага тавьж ажиллана.

2.23.Захиалагч, гүйцэтгэгч нар аюулгүй ажиллагааны өдөр тутмын шуурхай хяналтын зэрэгцээ барилгын хэв хашмал, төрөл бүрийн шат, өргөх зөөх механизм, гэрэлтүүлэг, хашлага хамгаалалт, тэмдэг, санамж, ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, галын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдал, инженерийн байгууламж, эдгээрээр үл хязгаарлагдах чиглэлээр аюулгүй ажиллагааны зорилтот хяналтыг сар тутам хийж баталгаажуулан, хяналтын үр дүнгээр бүрэн бүтэн, найдвартай байдлыг хангах, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллана.

2.24.Захиалагч, гүйцэтгэгч нар аюулгүй ажиллагааны зорилтот хяналтын тайланг зохих маягтаар үйлдэж, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газарт цахимаар илгээнэ.

2.25.Захиалагч, гүйцэтгэгч нар Эрүүл ахуйн тухай хууль, Улаанбаатар хотын стандарт (UCS 1706A:2022 Хог хаягдлын менежмент)-д тус тус заасан шаардлагуудыг бүрэн хэрэгжүүлж, барилгын төрөл бүрийн хог хаягдлыг цуглуулах, ангилах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг зохион байгуулна.

2.26.Захиалагч болон гүйцэтгэгч нь энэ журмын 2.11, 2.18-д заасан чиг үүргийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хариуцан ажилладаг зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

Гурав. Барилгын ажил эхлэхийн өмнө тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага:

3.1.Барилгын ажил эхлэхийн өмнө барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд дараах шаардлагыг хангасан байна.

3.1.1.барилгын ажлын талбайд ашиглах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалтыг гаргаж, аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулж батлах, мэргэшсэн ажилтанг сургаж бэлтгэсэн байх;

3.1.2.барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд зорчих иргэдийн аюулгүй байдлыг хангах, талбайд нэвтрэх боломжийг хязгаарлах зорилгоор барилгын ажлын талбайг нийтийн эзэмшлийн зам талбайгаас зориулалтын түр хашаагаар тусгаарласан байх;

3.1.3.энэ журмын 3.1.2-д заасан хашаа нь “Барилгын талбайн түр хашаа”-ны стандартын шаардлага хангасан, хот, суурин газрын өнгө үзэмжид нийцсэн, хүн зорчих хэсэгт өндрөөс унах эд зүйлийн ачааллын үйлчлэлийг тэсвэрлэх, зориулалтын материалаар хийсэн хамгаалалтын үргэлжилсэн саравчтай байх;

3.1.4.барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчин ажилтны ажиллах нөхцлийг бүрэн хангахуйц нүд гялбахааргүй жигд гэрэлтүүлэгтэй, барилгын орц, гарц, хонгилыг ослын гэрэлтүүлгээр нэмж тоноглосон байх;

3.1.5.шаардлагатай тохиолдолд барилгын ажлын талбай, гаднах орчинд дүрс бичлэгийн тоног төхөөрөмжийг байрлуулж хяналт тавих боломжийг бүрдүүлэх, аюул, ослын үед мэдээлэл өгөх, анхааруулах дохиолол суурилуулах;

3.1.6.барилгын ажлын талбайн орц, гарцын дэргэд, барилгын хашааны гадна талын онцлох цэгүүдэд 1x2 метрээс багагүй хэмжээтэй “Барилгын мэдээллийн самбар”, ”Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”-ыг нийтэд харагдахуйц байдлаар тус тус байрлуулах;

3.1.7.”Барилгын мэдээллийн самбар”-т баригдах барилгын талаарх мэдээлэл, барилгын захиалагч, ерөнхий гүйцэтгэгчийн нэр, хаяг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны нэр, холбоо барих утас, шаардлагатай зөвшөөрлийн талаарх мэдээлэл бичигдсэн байх;

3.1.8.”Барилгын талбайн зохион байгуулалтын зураг”-т барилгын байрлал, өргөх, тээвэрлэх машин механизмын зогсооол, өргөх байгууламжийн ажлын аюултай бүс, барилгад үйлчлэх зам талбай, барилгын ажлын талбай дахь түр байрууд /ажиллагсдын хувцас солих, усанд орох байр, хооллох, бие засах газар/, инженерийн түр сүлжээ /ус, дулаан, цахилгааны гэх мэт/ болон материал хураах талбайн байршил, автомашин, явган зорчигчийн орох, гарах гарц, ажлын байранд хүрэх замын чиглэл, гадна хашааг стандартын дагуу зурж үзүүлсэн байх;

3.1.9.захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч хамтран барилгын ажлын талбайн гаднах эрсдэл бүхий орчны хил хязгаарыг барилгын ерөнхий өндөр, өргөх байгууламжийн үйлчлэлийн хүрээ, аюулгүй бүс зэргийг үндэслэн тогтоож, зураглал үйлдэн баталгаажуулсан байх;

3.1.10.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах тэмдэг, тэмдэглэгээ, урьдчилан сэргийлэх дохио,санамж, анхааруулах зурагт хуудас, цугларах цэгийн тэмдгийг барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд байрлуулах;

3.1.11.барилгын ажилд хэрэглэх цахилгаан хангамжийн түр сүлжээ, тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллагааны холбогдох дүрэм, журмын дагуу угсарч, суурилуулсан байх;

3.1.12.барилгын ажил эхлэхээс өмнө барилгын ажлын талбайд орсон цахилгаан тоноглол, дамжуулах шугам сүлжээ нь ажилтан болон барилгын машин механизмд саад болохгүй, аюул эрсдэл учруулахгүй байх нөхцлийг бүрдүүлж зохих арга хэмжээг урьдчилан авсан байх;

3.1.13.барилгын ажлын талбайд байрлах ажилчдын түр байр нь эрүүл ахуйн шаардлага хангасан, аюултай бүсээс тусгаарлагдсан байх;

3.1.14.барилгын ажлын талбайд материалын үйлдвэрлэл явуулах тохиолдолд тухайн хэсгийг хашаагаар тусгаарлан аюулгүй ажиллагааг хангасан байх;

3.1.15.барилгын ажлын талбайд галын аюулаас урьдчилан сэргийлэх зориулалттай гал унтраах багаж, тоног төхөөрөмж бүхий галын сарай, тамхи татах цэгийг байгуулах;

3.1.16.галын аюултай болон химийн хортой бодис, бүтээгдэхүүнийг барилгын ажлын талбайд хадгалах агуулахыг холбогдох хууль тогтоомж, барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн тусгайлан бэлтгэх;

3.1.17.барилгын ажлын талбайд гарч болзошгүй аюул, ослын үеийн аврах ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг авсан байх;

3.1.18.өргөх байгууламжийн үйлчлэлийн хүрээнд гудамж, зам талбай, байшин барилга болон барилгын ажлын талбай дахь түр байр орж байвал сумны эргэлт, өнгийлт, ачааны тэргэнцрийн шулуун явалтыг хязгаарлах, өргүүрийг камержуулах зэрэг техникийн арга хэмжээг урьдчилан авсан байх;

3.1.19.захиалагч, гүйцэтгэгчийн талбайн инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан болон шаардлагатай бусад ажилтныг барилгын ажлын талбайн хөдөлмөр зохион байгуулалт, аюулгүй ажиллагааны талаар мэдээлэх шуурхай удирдлага-диспетчерийн холбооны хэрэгслээр бүрэн хангах;

3.1.20.барилгын ажлын талбайд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед машин механизмд зориулалтын дуут дохионы төхөөрөмжийг заавал суурилуулах;

3.1.21.барилгын хог хаягдлыг орчны эрүүл ахуйд нөлөөлөхгүй байхаар зайлуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, норм дүрмийн дагуу урьдчилан төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан байх;

3.1.22.барилгын үйлдвэрлэлийн ачаа тээвэрлэлт, ажилтнуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэгдсэн зохицуулалт, хяналтанд оруулсан байх;

3.1.23.барилгын тухай хуулийн 12.1.7-д заасны дагуу хөдөлмөр зохион байгуулалтын зураг боловсруулсан байх;

Дөрөв. Барилгын ажил гүйцэтгэх үед тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага:

4.1.Барилгын ажил гүйцэтгэхэд Барилгын тухай хуулийн 11.1.1-11.1.5-д заасан барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд дараах шаардлагыг хангасан байна:

4.1.1.барилгын үе шатны ажилд эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ бүрэн авсны дараа ажил эхлүүлэх;

4.1.2.барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, зураг төсөл зохиогч, ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн ажилтан хариуцан гүйцэтгэж байгаа ажлын нөхцөлд тохирсон хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан, хэрэглэж хэвшсэн байх;

4.1.3.өргөн тээвэрлэх механизм, даралтат сав, шугам хоолой угсрах ажилд тусгай хөтөлбөрийн дагуу суралцаж, эрх авсан мэргэшсэн ажилтныг томилон ажиллуулах;

4.1.4.өргөх байгууламжийг ашиглах барилгын ажил гүйцэтгэхдээ “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”,”Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, ”Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, ”Бетон зуурмагийн шахуургын аюулгүй ажиллагааны дүрэм”, ”Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, ”Эскалаторыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг тус тус мөрдөж ажиллах;

4.1.5.тэсэрч дэлбэрэх, галын аюулгүй ажиллагааны тусгай шаардлага хангах, халуун нөхцөл, өндрийн болон хязгаарлагдмал орчинд ажиллах тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаас заавал завшөөрөл авсан байх;

4.1.6.энэ журмын 4.1.5-д заасан ажлыг гүйцэтгэхдээ гүйцэтгэгч тухайн ажлыг удирдан зохион байгуулах ажилтныг томилсон байх;

4.1.7.барилгын ажлын талбай, ажлын байранд барилгын материал эзлэхүүн, тоног төхөөрөмжийг Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хадгалж, байрлуулах;

4.1.8.барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3.5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж /дэвсгэр, банз, тор, саравч/ угсарч байрлуулах, гадна шатыг бат бэх тороор битүүлэх;

4.1.9.аюул осол гарч болзошгүй орчны эрсдэлтэй бүсийг тогтоож, хаалт, хамгаалалтаар тусгаарлан, анхааруулах тэмдэг тавих;

4.2. Энэ журмын 4.1.9-д заасан хаалт, хамгаалалт, анхааруулах тэмдгийг дараах аюул, осол гарч болзошгүй орчинд байрлуулна:

4.2.1.цахилгаан шатны хонгил зэрэг ажилтан унах эрсдэлтэй газар;

4.2.2.газар унах болон тэсэлгээний ажил хийх газар;

4.2.3.барилгын ажилд ашиглаж байгаа өргөх механизм, цахилгаан шат байрлаж байгаа газар;

4.2.4.ажлын шат, хэв хашмалыг угсарч, буулгаж байгаа газар; 4.2.5.аюулгүйн хашлага угсарч, байрлуулах газар;

4.2.6.газрын хөрс нурж машин механизм, тоног төхөөрөмж унаж болзошгүй газар;

4.2.7.шороон болон хиймэл бүтээц, байгууламж нурж болзошгүй газар;

4.2.8.гал түймэр гарах, тэсэрч дэлбэрэх аюултай ажил гүйцэтгэх газар;

4.2.9.бутлах ажил гүйцэтгэх газар;

4.2.10.ажил гүйцэтгэх хязгаарлагдмал орчин;

4.2.11.эд зүйлс дээрээс унаж болзошгүй газар;

4.2.12.цахилгаан шугам сүлжээнд ойр барилгын ажил гүйцэтгэх явцад цахилгаан гүйдэлд нэрвэгдэж болзошгүй газар;

4.2.13.өндөр даралтат усан шахуурга болон таслагч машинаар ажил гүйцэтгэх газар;

4.2.14.тусгай зориулалтын багаж хэрэгсэлээр тоног төхөөрөмж, бүтээцийн зэв арилгах явцад түүний үйлчлэлийн нөлөөлөлд бусад этгээд өртөж болох газар;

4.2.15.химийн болон шатах, тослох материалын хаягдал, үлдэц хадгалах газар;

4.2.16.шаардлагатай бусад газар.

4.3. Барилгын ажлын талбайд дараах техникийн баримт бичгийг заавал байлгана:

4.3.1.ерөнхий болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ;

4.3.2.ерөнхий болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;

4.3.3.захиалагч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж. Байгууллагын хооронд байгуулсан гэрээ;

4.3.4.барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл;

4.3.5.барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг;

4.3.6.барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар;

4.3.7.инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын мэргэжлийн үнэмлэх;

4.3.8.гадаадын иргэд ажиллаж байгаа бол хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх;

4.3.9.магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл;

4.3.10.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах арга хэмжээний төлөвлөгөө;

4.3.11.барилга угсралтын үе шатны ажил бүр дээр хийсэн эрсдэлийн үнэлгээ;

4.3.12.өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулж баталгаажуулсан техникийн магадлагаа;

4.3.13.барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэл;

4.3.14.аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр;

4.3.15.ажилтнуудын цаг ашиглалтын бүртгэлийн дэвтэр.

4.4. Барилгын ажлыг түр болон удаан хугацаагаар зогсоох тохиолдолд барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.

Тав. Барилга байгууламжийг буулгахад тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага:

5.1.Барилга байгууламжийг буулгахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах арга хэмжээг ажил гүйцэтгэх төсөл, эрсдэлийн үнэлгээнд суурилсан аюулгүй ажиллагааны төлөвлөгөө, барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зурагт тус тус тодорхой тусгана.

5.1.1.барилга байгууламжийн буулгалтын ажил гэж Барилгын тухай хуулийн 4.1.24-д заасан ажлыг хэлнэ;

5.1.2.Барилгын тухай хуулийн 16.3-д заасны дагуу Барилга байгууламжийн буулгалтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг боловсруулсан байна.

5.2.Барилга байгууламжийг буулгалтын ажил /цаашид “ буулгах ажил” гэх/-ын явцад чичиргээ, доргилт, түүний нөлөөллөөс болж бусад барилга, байгууламжид эвдрэл, гэтмэл учруулахгүй байхад чиглэгдсэн урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

5.3.Буулгалтын ажил эхлэхээс 5-аас доошгүй өдрийн өмнө харьяалах барилга байгууламжийн техникийн улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагад албан ёсоор мэдэгдэнэ.

5.4.Барилгад асбест, галын болон тэсэрч, дэлбэрэх аюултай бодис, эд зүйл байгаа эсэхийг зохих мэргэжлийн байгууллагаар урьдчилан тогтоолгож дүгнэлт гаргуулна.

5.5.Буулгах ажлын үед барилгын ажлын талбайд гал унтраах хэрэгслийг бэлэн байлгаж, ажилтнуудад түүнийг хэрхэн ашиглах талаар мэдлэг, чадвар эзэмшүүлэх.

5.6.Хог хаягдлын бүсийг тогтоож, зориулалтын хаалт, хашлагаар хамгаалан овоолго үүсэхээс өмнө зайлуулсан байна.

5.7.Керамзит, уурын зуухны үнс, элс, хайрга зэрэг нарийн ширхэглэлтэй материалын хаягдлыг бат бэх, дуу чимээ бага гаргадаг материалаар хийгдсэн хоолойгоор зөөвөрлөж буулгана.

5.8.Энэ журмын 5.7-д заасан хоолой нь барилга байгууламжид зохих журмын дагуу бэхлэгдсэн, хүн унахаас урьдчилан сэргийлсэн зориулалтын тагтай байна.

5.9.Гэнэтийн нуралтаас урьдчилан сэргийлж барилгын дээвэр, хана, хучилт, шалны төлөв байдалд “Барилга байгууламжийн буулгах үйл ажиллагааны дүрэм”-ийн дагуу гүйцэтгэнэ.

5.10.Буулгах ажлыг удирдан зохион байгуулах зөвлөх мэргэжлтнийг гүйцэтгэгч томилон ажиллуулах бөгөөд уг ажилтны хяналтад буулгах ажлыг төлөвлөж, гүйцэтгэнэ.

5.11.Зөвлөх мэргэжилтэн буулгах ажлыг гүйцэтгэх мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, барилгын ажлын туршлагатай байна.

5.12.Буулгах барилга байгууламжийн цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн шугам сүлжээний эх үүсвэр бүрэн салгаглсан эсэхийг захиалагч, гүйцэтгэгчтэй хамтран шалгаж, акт үйлдэнэ.

5.13.Буулгах ажил эхлэхийн өмнө шилэн хийц бүхий эд зүйл болон цонх, хаалганы шилийг бүрэн авсан байна.

5.14.Буулгаж дуусаагүй барилгын их биеийн хэсгийг шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын тусламжтайгаар бэхэлгээ, тулгуур, ивээс хийж, аюулгүй байдлыг бүрэн хангана.

5.15.Буулгах ажлыг зөвхөн өдрийн цагаар /байгалийн гэрэлтүүлэгтэй үед/ гүйцэтгэнэ.

Зургаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахад барилгын ажилд оролцогчдын эрх, үүрэг:

6.1. Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Барилгын тухай хуульд заасан эрх, үүргээс гадна дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

6.2.Хөрөнгө оруулагч болон Захиалагчийн эрх, үүрэг;

6.2.1.энэ журмын 2.7-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах төлөвлөгөөний хэрэгжилтэнд шаардагдах, санхүүжилтыг гаргах зарцуулахад хяналт тавих;

6.2.2. энэ журмын 2.8-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахад зарцуулах хөрөнгийг бүрэн санхүүжүүлэх;

6.2.3.гүйцэтгэгч хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн шаардлага хангахад захцуулах хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, зарцуулаагүй үлдээсэн тохиолдолд буцааж төлөхийг шаардах;

6.2.4.ерөнхий болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үед тухайн хуулийн этгээд осол, зөрчил гаргаж байсан эсэх талаар холбогдох байгууллагаас мэдээлэл авах;

6.2.5.осол гарах нөхцөл бүрдсэн болон осол гарсан үед гүйцэтгэгчийн үйл ажиллагааг шууд зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч, холбогдох байгууллагад хандах;

6.2.6.гүйцэтгэгч барилгын ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллаагүйгээс осол, гэмтэл гарсан тохиолдолд санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авах;

6.2.7.энэ журмын 2-оос 5 дугаар зүйлд заасан захиалагчтай холбоотой шаардлагыг хангаж ажиллах;

6.2.8.барилгын үйл ажиллагаа эхлэхээс 5 хоногийн өмнө харьяалагдах хяналт шалгалтын байгууллагад мэдэгдэх.

6.3.Гүйцэтгэгчийн эрх, үүрэг:

6.3.1. ажил эхлэхийн өмнө барилгын ажлын талбайд ажиллах ажилтнуудын талаарх холбогдох мэдээллийг захиалагчид өгөх;

6.3.2.энэ журмын 6.3.1-д заасан мэдээллийг барилгын ажлын талбайд ажиллаж байгаа орон тооны болон туслан гүйцэтгэгчийн ажилтны тоог мэргэжлийн ангиллаар нь нарийвчлан долоо хоног бүр гаргаж байх;

6.3.3.барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах арга хэмжээнд зарцуулах зардлыг зориулалтаар ашиглах, зарцуулалтын тайланг барилгын үе шатны ажлын санхүүжилт авахын өмнө захиалагчид албан ёсоор гаргаж өгөх, тайлангийн хувийг барилгын ажлын талбайд байнга хадгалах;

6.3.4.захиалагч болон мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах арга хэмжээний зардлын зарцуулалтын тайланг хянах нөхцөлөөр хангах;

6.3.5.аюулгүй ажиллагааг хангах төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээг үндэслэн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг хангаж ажиллах;

6.3.6.салхивч, шугам хоолой, шат, цахилгаан шатны хонгилыг хамгаалж, аюул, осол гарахаас урьдчилан сэргийлэх, барилгын гадна талын хамгаалалтыг хийж барилгын ажлын талбайн гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрэн хангасан байх,

6.3.7.барилга байгууламжийн төвөгшлийн зэргээс хамаарч барилгын ажлын талбайд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх ажилтан /эмч, бага эмч, сувилагч/ ажиллуулж, шаардлагатай эм, багаж хэрэгслээр хангах;

6.3.8.эмнэлгийн тусламж дуудах утасны дугаарыг нүдэнд ил харагдах газар байрлуулах, анхны тусламж авсан ажилтны талаар өдөр тутам тэмдэглэл хөтөлж байх;

6.3.9.барилгын ажлын талбайд ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдээлэл өгөх, мэдлэг дадлага олгох сургалт зохион байгуулах өрөө, танхим, булантай байх;

6.3.10.ажилтныг ажилд авахын өмнө эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээнд хамруулан, эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргуулж, ажилтны хувийн хэрэгт хадгалах;

6.3.11.өндөр эрсдэлтэй ажлыг гүйцэтгэх ажилтанг ажил үүргийн онцлогт нь тохирсон нэмэлт хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах;

6.3.12.гадаад улсын ажилтан ажиллаж байгаа тохиолдолд шаардлагатай мэдээлэл,зааварчилгаа, сургалтыг эх хэлээр нь өгсөн байх;

6.3.13.барилгын ажлын талбайд зөвхөн зориулалтын өргөх төхөөрөмжөөр ажилтныг тээвэрлэх;

6.3.14.ажил гүйцэтгэх орчин нь ажилтнуудын аюулгүй байдлыг хангасан тоноглолтой байх;

6.3.15.барилгын ажлын талбайд ашиглагдаж байгаа цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн хаалгыг байнга цоож, түгжээтэй, хамгаалалтай байх;

6.3.16.цахилгаан үүсвэртэй машин механизмын газардуулгыг хийж, баталгаажуулсан байх;

6.3.17.газарт хийх боломжтой ажлыг өндөрт хийхгүй байх;

6.3.18.туслан гүйцэтгэгчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм,зааврын талаар мэдээлэл өгч түүний хэрэгжилтэд хяналт тавих;

6.3.19. ажил хаялт зарласан, ажил зогссон, ажил удаан хугацаанд саатсан бол захиалагчид нэн даруй мэдээллэх;

6.3.20.барилгын ажил эхлэхээс өмнө энэ журмын 2.7, 3.1.17-д заасан төлөвлөгөөг харьяалах мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлэх;

6.3.21.энэ журмын 2-5 дугаар зүйлд заасан гүйцэтгэгчтэй холбоотой шаардлагыг хангаж ажиллах.

6.4. Туслан гүйцэтгэгчийн эрх, үүрэг:

6.4.1.энэ журмын 6.3.10, 6.3.11, 6.3.12, 6.3.13, 6.3.17-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллаж;

6.4.2.ерөнхий гүйцэтгэгчийн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

6.4.3.ажил гүйцэтгэх гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг тодорхой тусгах;

6.4.4.барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны хаалт, хамгаалалт, дохиолол, зурагт хуудсыг эвдэж гэмтээхүй байх, тэмдэг тэмдэглэгээ, схем зураг, санамжийг дагаж мөрдөх;

6.4.5.ажил үүрэгтэй хамааралгүй бүсэд нэвтрэхгүй байх.

6.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баг, ажилтны эрх үүрэг:

6.5.1.ажлын байрны эрсдлийн үнэлгээ болон шинэ техник, технологи, материал хэрэглэснээс шалтгаалан ажлын байрны нөхцөлд гарсан өөрчлөлтийг тусган ажлын байрны аюулгүй ажиллагааны зааврыг шинээр буюу шинэчлэн боловсруулж батлуулах;

6.5.2.эрсдлийн үнэлгээний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэчлэн, ажилтнуудад тухай бүрт мэдээлэл өгч сургалт зохион байгуулах;

6.5.3.ажилтнуудыг иж бүрэн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцсаар хангуулах, хэрэглээнд хяналт тавих;

6.5.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар барилгын ажилд оролцогчдод шаардлага тавьж биелэлтийг хангуулах;

6.5.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй тоног төхөөрөмж, нэгжийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар зогсоох;

6.5.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм,журам зөрчсөн ажилтанд арга хэмжээ авах талаар эрх бүхий этгээдэд санал тавьж шийдвэрлүүлэх;

6.5.7.энэ журмын 4.1.5-д заасан ажлыг гүйцэтгэхэд зөвшөөрөл олгох,энэ журмын 4.1.6-д заасан удирдан зохион байгуулах ажилтанг томилуулах;

6.5.8.барилгын ажлын талбайд хог хаягдлын бөөгнөрөл бий болгохгүй байх арга хэмжээ авах, тогтмол хяналт тавих;

6.5.9.осол дөхсөн тохиолдолд болон гарсан шалтгаан нөхцөлийг ажлын байр бүрээр судлан бүртгэж, мэдээлэл, аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх;

6.5.10.барилгын ажлын талбайд зайлшгүй шаардлагаар гадны хүн, зочид, төлөөлөгчид нэвтрэх тохиолдолд хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх;

6.6.Барилгын ажил гүйцэтгэж байгаа ажилтны эрх, үүрэг:

6.6.1.барилгын ажил эхлэхээс өмнө тухайн барилгын ажлын талбайн хөдөлмөрийн аюул байдал, эрүүл ахуйн талаар зохион байгуулсан сургалт, зааварчилгаанд заавал хамрагдсан байх;

6.6.2.сургалт, зааварчилгаанд хамрагдаагүй тохиолдолд ажил гүйцэтгэхээс татгалзах;

6.6.3.барилгын ажил гүйцэтгэхэд мөрдөгдөж байгаа дүрэм, журам,зааврын зөв эсэхэд эргэлзэж байвал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан болон тухайн ажлыг удирдаж байгаа эрх бүхий ажилтнаас тодруулга авах;

6.6.4.ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангахыг шаардах;

6.6.5.ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг ажлын байранд тогтмол, бүрэн хэрэглэж хэвшсэн байх;

6.6.6.ажиллах болон амрах эрүүл, аюулгүй орчин нөхцлөөр хангахыг шаардах;

6.6.7.орчны эмх цэгц, эрүүл ахуйн шаардлагыг хангах, тухайн ажил дууссаны дараа болон ажлын байраа солихын өмнө байрны эмх цэгцийг хангаж цэвэрлэсэн байх;

6.6.8.машин, механизм, тоног төхөөрөмж, аппарат, багаж хэрэгслийг зөвшөөрөлгүй хөдөлгөх, зориулалтын бусаар ашиглах, байршлыг өөрчлөхгүй байх;

6.6.9.ажил үүргээ гүйцэтгэх явцад аюулгүй ажиллагааны нөхцөл зөрчигдөж хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг, аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажлаа шууд зогсоож, энэ тухай эрх бүхий ажилтанд нэн даруй мэдэгдэх, үүссэн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг хэрэгжүүлэх;

6.6.10.бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж, ажил үүргээ анхаарал болгоомжтой, зөв гүйцэтгэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх арга барилд суралцсан байх;

6.6.11.эмнэлэгийн ээлжит үзлэгээс гадна шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалах;

6.6.12. зөвхөн зориулалтын газар хооллох;

6.6.13. энэ журмын 4.1.5-д заасан ажлыг зөвшөөрөл авч гүйцэтгэх;

6.6.14.ажил үүрэгт хамааралгүй бүс, ажлын байранд эрх бүхий ажилтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд нэвтрэхгүй байх;

6.6.15.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрх бүхий ажилтантай хамтарч ажиллах;

6.6.16.барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд тавигдсан аюул, осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмдэг, тэмдэглэгээг дагаж мөрдөх.

6.7. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг:

6.7.1.Зураг төсөл зохиогч барилгын үе шатны ажилбар бүрд зохиогчийн хяналтыг хяналтыг хэрэгжүүлэхдээ барилгын тухай хуулийн 12 хуулийн 12.1.7-д заалтад заасан чиг үүргийг хэрэгжүүлж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх;

6.7.2.захиалагч, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хариуцан ажиллаж байгаа тохиолдолд энэ журмын 6.2, 6.5-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах;

6.7.3.Барилгын тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1.6 дахь заалтад заасан дүгнэлтийг гаргана.

Долоо. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахад тавих хяналт:

7.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахад тавих хяналт, шалгалт /цаашид “хяналт”гэх/ нь барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад чиглэгдэнэ.

7.2. Гүйцэтгэгч барилгын ажилд тавих хяналтыг дараах үе шатаар зохион байгуулна.

7.2.1. анхан шатны хяналтыг тухайн ажлыг удирдан гүйцэтгэж буй талбайн инженер, хэсгийн инженер, бригадын дарга өдөр бүр ажил эхлэхийн өмнө болон ажлын гүйцэтгэлийн явцад гүйцэтгэнэ. Хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг анхан шатны хяналтын дэвтэрт тэмдэглэж, тэдгээр зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг нэн даруй төлөвлөж, гүйцэтгэлийн тайланг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлж байх;

7.2.2.хоёрдугаар шатны хяналтыг сард 2 удаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баг, ажилтан гүйцэтгэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах;

7.2.3.гуравдугаар шатны хяналтыг эрх бүхий этгээдээс томилсон комисс улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулна. Дүнг тухайн комиссын ахлагч, эрх бүхий ажилтнуудыг оролцуулан хэлэлцэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг зөрчсөн ажилтанд хариуцлага тооцож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавих;

7.3.энэ журмын 7.2-т заасан хяналтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гүйцэтгэгч баталсан байна.

7.4. Гүйцэтгэгчийн дотоод хяналтын нэгж нь хяналт тавих үйл ажиллагаандаа байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулах дүрэм, журамд заасан чиг үүргээс гадна барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах чиглэлээр энэ журмын 6.3, 6.4, 6.5, 6.6, 7.2-т заасан үүргийн биелэлтэд хяналт тавина.

7.5.Гүйцэтгэгч дотоод хяналтаас гадна төрийн ба төрийн бус байгууллага, хамтран ажилладаг бусад мэргэжлийн байгууллагын хөдөлмөрийн аюул байдал, эрүүл ахуйн эрх бүхий ажилтнуудаар хөндлөнгийн хяналт хийлгэж болно. Хөндлөнгийн хяналтын бүрэлдэхүүн, зорилго, үр дүнгийн талаар захиалагчид мэдэгдсэн байна.

7.6.Захиалагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч энэ журмын 7.2, 7.4-т заасан хяналтыг гүйцэтгэгч хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавина.

7.7.Хөдөлмөрийн аюулгүй байдал болон Барилгын техникийн хяналтын улсын байцаагч хууль тогтоомжид заасан болон барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр дараах хяналтыг хэрэгжүүлнэ:

7.7.1.энэ журмын 2.7, 3.1.17-д заасан эрсдэлийн үнэлгээ, аврах ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн төлөвлөгөөт хяналт хийж, эрсдэлийг бууруулах, гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар албан шаардлага, зөвлөмж хүргүүлж, биелэлтийг хангуулах;

7.7.2.барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй талаар барилгын ажилд оролцогчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээлэл болон барилгад аюул, осол гарсан үед төлөвлөгөөт бус хяналтыг хийж илэрсэн зөрчил, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах;

7.7.3.захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр энэ журмын 7.2, 7.3, 7.6-д заасан хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хуульд заасан арга хэмжээ авах;

7.7.4.энэ журмын 7.7.1, 7.7.2, 7.7.3-д заасан хяналтыг батлагдсан хяналтын хуудас ашиглан гүйцэтгэх;

Найм.Бусад:

8.1. Барилгын ажил гүйцэтгэж байгаа ажилтан энэ журамд тусгагдсаны дагуу сургалт, зааварчилгаанд хамрагдаагүй тохиолдолд ажил гүйцэтгэхээс татгалзах, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангахыг шаардах, ажиллах болон амрах эрүүл, аюулгүй орчин нөхцлөөр хангахыг шаардах зэрэг шаардлагыг тавьсан нь хариуцлага хүлээлгэх, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

Ес.Хариуцлага:

9.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд Барилгын техникийн хяналтын улсын байцаагч болон Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид нь Зөрчлийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын хуульд заагдсан арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэнэ.