Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Өргөх байгууламжийн бүртгэл, ашиглах зөвшөөрлийг хэрхэн авах вэ

2023-12-13

Нийслэл хотод ашиглагдаж байгаа лифт, экскалатор, цахмагт кран, авто кран, манипуляторт кран, барилгын өргүүрийн улсын бүртгэл, баталгаажуулалтыг өргөх байгууламжийн эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгж байгууллага, иргэд болон тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагын ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Хотын стандарт, хяналтын газраас холбогдож хууль, норм дүрмийн дагуу хяналт шалгалтыг хийж техникийн магадлалын актын үр дүнг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж техникийн паспортад улсын байцаагч ашиглах зөвшөөрлийг олгож тэмдэглэл хийнэ.

1. КРАНЫГ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

Бүх төрлийн краныг ашиглах зөвшөөрлийг хяналтын байгууллагаас дараах тохиолдолд олгоно. Үүнд:
- улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн кран ашиглахын өмнө;
- краны байрлалыг өөрчилж, шилжүүлэн угсарсны дараа (сумт болон хялбар угсардаг цамхагт кранаас бусад);
- кранд шинэчлэлт, өөрчлөлт хийсний дараа;
- краны төмөрлөг хийцийн тооцоот элемент, зангилааг солих буюу гагнуур хэрэглэж, засварласны дараа;
- кранд даац хязгаарлагчийг шинээр байрлуулсны дараа;

Краныг ашиглах зөвшөөрлийг авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Техникийн магадлалын акт /статик, динамик туршилт/
- Цамхагт краны суурийн акт
- Төхөөрөмжийн газардуулгын акт
- Краны бүрэн бүтэн байдал болон ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, оператор, оосорлогч, дохиочныг томилсон тушаал, мэргэжлийн үнэмлэх
- Краны засвар үйлчилгээг хийх мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээ
- Техникийн бүрэн магадлалын акт
- Угсралтын акт
- Техникийн паспорт болон холбогдох бичиг баримт

2. ЛИФТ, ЭСКАЛАТОРЫГ БҮРТГЭХ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ

Шинээр угсарсан лифт, эскалаторыг ашиглалтад оруулахын өмнө хяналтын байгууллагад бүртгүүлсэн байна. Угсралт, тохируулга хийгдсэний дараа хяналтын байгууллагаас техникийн бүрэн магадлал хийнэ.
Лифт, эскалаторын ашиглах зөвшөөрлийг авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Лифт, эскалаторыг туршсан бүрэн магадлалын акт,
- Лифт, эскалаторын ашиглалт хариуцагч инженерийг томилсон тушаал,
- Лифт, эскалаторын засвар ба техникийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээ,
- Мэргэжлийн лифтчин томилсон тушаал, мэргэжлийн үнэмлэх,
- Техникийн паспорт болон холбогдох бичиг баримт,

Хуулийн үндэслэл:
- Барилгын тухай хууль;
- Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм;
- Манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм;
- Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм;
- Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм;
- Эскалаторыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм;
- UCS1502C:2023 Цахилгаан шатад тавигдах ерөнхий шаардлага.