Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Нийтийн байрны орчин, нөхцөлийг шалгалаа

2023-11-21

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдал дээр Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу Хотын стандарт, хяналтын газрын Улсын /ахлах/ байцаагч нар, мэргэжилтнүүд болон НБОГ- Байгаль орчны хяналтын Улсын /ахлах/ байцаагч, НЭМГ- Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын Улсын /ахлах/ байцаагч, Нийслэлийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын Хүүхдийн эрхийн Улсын /ахлах/ байцаагч, Улсын бүртгэлийн газар, дүүргүүдийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд мөн хороодын Засаг дарга нарын хамтарсан дэд Ажлын хэсгийн хяналт шалгалтыг аравдугаар сарын 27-ний өдрөөс эхлүүлсэн.

Бүртгэл судалгааны мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн байр 705 байдгаас 665 нь хувь хүний нэр дээр үлдсэн дөч нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй гэсэн байдаг. Тус ажлын хүрээнд нийтийн байрны дотор болон гадна орчны эрүүл ахуйн нөхцөл байдал, галын аюулгүй байдал, цахилгааны аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөх, аливаа зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд ийнхүү зорилготойгоор хэрэгжүүлж байна.

Есөн дүүргийн дэд Ажлын хэсгийн шалгалтын явцын бүртгэл судалгаанаас үзвэл нийтийн байрнуудаас Цагдаагийн байгуулагад хүлээн авдаг гомдлын 80-90 хувь эзэлдэг, гал түймрээс урьдчилан сэргийлэх анхан шатны багаж хэрэгсэлгүй, уурын зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаагүй, нэг байранд дунджаар 10-50 хүн амьдарч байгаа. Эдгээрт үйлчлүүлэгч иргэний бүртгэл байхгүй, хүүхдийн хамгаалал алдагдсан хог ихтэй бохир орчин нөхцөлд амьдрах эрх нь зөрчигдсөн, хогны ангилан ялгах байгууламж савгүй гэх мэт байна.

Тухайлбал: БЗД-ийн 6,1,7,4,30,31 тус тус хороодын нийт 210-н нийтийн байрыг шалгахад дээрх зөрчлүүд нийтлэг илэрлээ.