Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай Улсын байцаагчийн зөвлөмж

2023-11-15

Барилгын материалын худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай улсын байцаагч дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

   Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1267 дугаар захирамжийн хүрээн хяналт хийхэд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Барилгын тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, норм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах, барилгын материалын худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гарал үүслийн болон тохирлын гэрчилгээтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй барилгын материал худалдах шаардлагатай байгаа тул дараах “Зөвлөмж”-ийг хүргүүлж байна.

   1. Барилгын тухай хуулийн 13.1.3 дахь заалт (чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламжтай байх), 43.1.4 дэх заалт (Барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ авах)-уудыг биелүүлж, бүтээгдэхүүнд эрх бүхий байгууллагаас тохирлын гэрчилгээг авах, чанарын баталгаа гаргаж, худалдан авагчдад тухай бүр өгч хэвших;
   Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалт (Энэ хуулийн 13.2-т заасан бүтээгдэхүүний жагсаалт, тэдгээрийг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална)-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 291 дүгээр тогтоолоор батлагдсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”, “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-ын дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагаас тохирлын гэрчилгээ авч, худалдах үйл ажиллагааг явуулах;
   Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь заалт (Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна), 12.6 дахь заалт (Үйлдвэрлэгч худалдагч, гүйцэтгэгч барааны аюулгүй байдлын шаардлагыг хангаагүйгээс хэрэглэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг хуульд заасны дагуу арилгана;), 12.8 дахь заалт (Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно)-уудыг тус тус хангаж чанарын шаардлага хангасан барилгын материалыг хэрэглэгчид худалдах;
   2. Барилгын материал, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн үед үйлдвэрлэгчийн баримтжуулсан мэдээллийг цаасан ба цахим хэлбэрээр хийж хадгалалтын бүх хугацааны турш үнэн зөвийн болон үл өөрчлөгдөх баталгааг хангасан байх;

   3. Барилгын материал, бүтээгдэхүүний сорьцыг үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд дагалдах баримт бичигт заасан нөхцөлийн дагуу хэрэглээний шинж чанарыг бууруулахгүйгээр хадгалах;
   Агуулахын баталгаат хугацаа дууссан болон тээвэрлэлтийн шаардлага зөрчсөн барилгын материал, бүтээгдэхүүнийг техникийн зохицуулалтын шаардлагын дагуу дахин хяналтад оруулахгүйгээр зах зээлийн эргэлтэд оруулахгүй байх;

    3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан Хотын стандарт: USC 1202В:2022 (Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага)-ыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг тус тус зөвлөж байна.