Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Барилгын угсралтын ажлын чанар, аюулгүй байдлыг хангуулах тухай Улсын ахлах байцаагчийн зөвлөмж

2023-11-08

Нийслэлийн 9 дүүрэгт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хүн, хуулийн этгээдэд барилга угсралтын ажлын чанар, аюулгүй байдлыг хангуулах тухай улсын ахлах байцаагч дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

   Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/242 дугаартай “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж, Хотын стандарт, хяналтын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/20 дугаартай “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай” тушаал, Барилга хот байгуулалтын яамны Салбарын Улсын Ерөнхий байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02-00/06 дугаартай Урьдчилан сэргийлэх хянт шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамжийг тус тус үндэслэн хяналт шалгалтыг гүйцэтгэхэд Барилгын зураг төсөл боловсруулах, угсралтын ажлыг гүйцэтгэх явцад хууль тогтоомжийг зөрчих, төлөвлөлт, техникийн шийдлийн алдаа гаргах, барилгын бат бэх тогтвортой байдал алдагдах, байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчих зэрэг нийтлэг дутагдлууд давтагдаж байна.

   Иймд хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хүн, хуулийн этгээдийн барилга угсралтын ажлын чанар аюулгүй байдлыг сайжруулах, барилгын эрсдэлийн түвшнийг үнэлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар эрхзүйн болон мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор барилгын угсралтын ажил гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдэд дараах ЗӨВЛӨМЖ–ийг хүргүүлж байна.Үүнд:

   1. Барилга байгууламжийн үндсэн хийц, даацын бүтээцийн төмөр бетоны цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ “Цутгамал бетон, төмөр бетон бүтээц” БНбД 52-02-05 /барилгын норм дүрэм/, “Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар” БД 52-102-04 /барилгын дүрэм/-д тус тус заасны дагуу хоногийн дундаж температур 0 хэмээс бага үед зайлшгүй гүйцэтгэх тохиолдолд өвлийн улиралд бетоны ажил гүйцэтгэх технологийн карт, ажил гүйцэтгэх төлөвлөгөөг боловсруулж хөрөнгө оруулагч, захиалагч, зураг төсөл зохиогч байгууллагаар батлуулан цутгалтын ажлыг гүйцэтгэх.
   2. Барилга байгууламжийн үндсэн хийц, даацын бүтээцийн төмөр бетоны цутгалтын ажлыг гүйцэтгэхээс өмнө “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” БНбД 12-01-09-д заасны дагуу өвлийн нөхцөлд бетон цутгах ажлыг гүйцэтгэх технологийн картыг боловсруулан захиалагч ба зохиогч байгууллагаар батлуулан барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлыг хяналтын хэлтэст ирүүлж хамтран ажиллах.
   3. Барилга байгууламжийн үндсэн даац, бүтээцийн бетоны цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ батлагдсан технологийн картыг мөрдөж ажиллах.
   4. Өвлийн нөхцөлд технологийн картад тусгасны дагуу дулааныг нь алдагдуулахгүйгээр барьж улмаар цементээс ялгарах дулааныг ч нэмэрлэн зохистой бат бэхтэй болтол нь арчлах, цутгасны дараа зохиомлоор халааж бэхжүүлэх / цахилгаан-дулааны эх үүсвэр ашиглах/; Усанд химийн бодис нэмэн түүний хөлдөх температурыг нь доошлуулах, Өвлийн нөхцөлд бетон цутгах технологи, тавигдах ерөнхий шаардлагыг Цутгамал бетон, төмөрбетон бүтээц БНбД 52-02-05, Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар БД 52-102-04-д нормчилж, АГТ, ТК боловсруулж мөрдөх, захиалагч, зохиогч, хөндлөнгийн хяналтыг сайжруулах.
   5. Өвлийн нөхцөлд цутгамал бетоны ажил гүйцэтгэх үед шаардлагатай параметрүүдийг тодорхойлох технологийн горимын тооцоог онолын хувьд тооцооны, дифференциаль тэгшитгэлийн, графикийн, физик, хагас үйлдвэрлэлийн туршилтын аргаар тус тус тооцоолж инженерээс дулааны, физикийн, термодинамикийн, цахилгааны, химийн нэмэлт зэрэг сонголтоос цаг агаарын болон бусад үзүүлэлтүүдийн хүрээнд технологийн картыг боловсруулан хэрэгжилтэд тогтмол дотоод болон хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх.
   6. Өвлийн нөхцөлд барилга байгууламжийн технологийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрөлд заасныг харгалзан барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоохдоо барилга байгууламжийг давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, барилгын талбайн эмх цэгц, аюулгүй байдлыг бүрэн хангуулж ажиллах.
   7. Барилгын гүйцэтгэгч нь Барилгын тухай болон салбарын бусад хууль, эрх зүйн актуудыг мөрдөх, хуулиар хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангуулах, эрх бүхий байгууллагаас батлуулсан зураг төсөл, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хүрээнд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх.
   8. Цутгамал төмөр бетоны хийц, бүтээцийн угсралтын үед арматурын хамгаалалтын үеийг алдагдаж хомын болон ажлын, холбоос, хуваарилах арматурууд ил гарсан байдаг тул арматурын ажлыг цаашид “Цутгамал бетон ба төмөрбетон бүтээц. БНбД 52-02-05”-ын 3.6-д заасны дагуу хийж гүйцэтгэн ил, далд ажлын актыг үйлдэж баталгаажуулсан байх.
   9. Зэвэрсэн ажлын арматур, хомуудын зэвийг арилгах, барилгын ажлыг долоон сараас дээш хугацаагаар зогсоосон бол хамгаалалтын горимд Барилгын тухай хуульд заасны дагуу шилжүүлэх, мөн ажил зогсоосон хугацаанд зоорийн давхарт гадаргуу болон хөрсний ус хуримтлагдаж мөстсөн үед инженер геологийн судалгааны дүгнэлт гаргуулсан байгууллагаар дахин үзлэг, шалгалт хийлгүүлж угсралтын ажлыг тус буурь хөрсөн дээр үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой эсэхэд, цутгамал төмөр бетон бүтээцүүд /суурь, багана, дам нуруу, хучилт/-ийн бат бэх, арматурын чанарт лабораторийн шинжилгээ, судалгааны дүгнэлтийг гаргуулах.
   10. Цутгамал төмөр бетоны ажлын үед хийцүүдийн бетоны нягтруулалт хангалтгүй, нүх сүвтэй, сийрэг цутгагдсан тохиолдол нийтлэг гарч байгаа тул бетон хольцыг цутгахдаа “Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар. БД 52-102-04”-ийн 11.2. /Бетон хольц цутгах/, 11.3. /Бетоныг бэхжүүлэх ба чанарын шаардлага/, 12. /Чанарын хяналт туршилт, шинжилгээ/-д заасан шаардлагуудыг мөрдлөг болгох.
   11. Каркасны гадна дүүргэгч ханын өрлөгийн зуурмагийн хэвтээ, босоо дүүргэлт дутуу, хүлцэх хэмжээ алдагдсан байх дутагдал түгээмэл байгаа тул “Өрөгт бүтээц.БНбД 51-02-05”-ын 2.5 /зөв хэлбэр дүрс бүхий чулуу гулдмай болон тоосгон өргийн зуурмагийн дундаж зузаан хэвтээ завсарт 12 мм, босоо завсарт 10 мм байх ёстой./, 3.4 /ханын гулдмай, тоосгон өргийн хэвтээ, босоо хөндлөн заадас болон ялуу, дөр хана, баганын өргийн хэвтээ, босоо, хөндлөн мөн дагуу заадсыг зуурмагаар дүүргэсэн байх шаардлагатай/ -д заасан шаардлагыг мөрдөх.
   12. Бетон цутгалтын үед угсарсан, хэв хашмалын байдалд байнгын хяналтыг тавьснаар задрах, геометр хэмжээ алдагдах дутагдал нийтлэг илэрдэг тул ажил гүйцэтгэхдээ “Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар. БД 52-102-04”-ийн 11.3 /... Бетон цутгах процесст угсарсан хашлагийнн байдалд байнгын хяналт тавьсан байна. Хэрэв бетон цутгалтын үед хашлагийн элемент шилжсэн ... бүтээцийн чанар хэмжээнд нөлөөлөхөөр бол цутгалтыг зогсоож, засварлана. Цутгасан төмөр бетон бүтээцийн байрлал, хэмжээний зөвшөөрөгдөх зөрүү нь доор зааснаас ихгүй байна. Хана ба багананд +-10 мм, элементийн урт буюу алгасалд +-20 мм/-д заасан чанарын шаардлагыг хангуулах.
   13. Аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтыг дутуу гүйцэтгэсэн дутагдал их байгаа тул Барилга угсралтын үед барилгын эргэн тойронд хамгаалах түр тор, хаалт хамгаалалт, хашлагыг “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. БНбД 12-04-06. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 8.20 /Олон давхар каркасан барилгын эдлэхүүнийг угсарч эхлэхээс өмнө тухайн давхрын гадна хүрээгээр хамгаалалтын хашлага заавал тоноглох хэрэгтэй. Доод талын давхруудад мөн уг хамгаалалтын хашлага байх бөгөөд зөвхөн тухайн давхрын гадна ханын хавтанг угсарч эхлэх болон гадна ханыг өрөхөд уг хашлагыг буулгаж болно./ дахь заалтын шаардлагыг хангуулах.
   14. Захиалагчийн хяналт хангалтгүй дутагдал нийтлэг илэрч байгаа тул Захиалагч барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авах, барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал хийц бүтээц, эдлэхүүний чанарыг тодорхойлуулж Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5. дахь заалтад заасан захиалагчийн чиг үүргийг тогтмол хэрэгжүүлж хэвших, барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх.
   15. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 тоот тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагад дотоод хяналтыг зохион байгуулах нийтлэг журам”-д нийцүүлэн өөрийн компанийн “Дотоод хяналтын журам”-ыг боловсруулан баталж, мэргэжлийн боловсон хүчин бүхий дотоод хяналтын нэгжийг зохион байгуулан ажиллуулж, ажлын байрны онцлогт нийцсэн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, журам баталж, хэрэгжилтэд хяналт тавьж байх.
   16. Барилгад зураг төслийн болон стандартын шаардлага хангасан барилгын материал хэрэглэх, стандарт тогтоогдоогүй бүтээгдэхүүн материалуудыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ туршилтад хамруулж үе шатны далдлагдсан ажлын чанарыг баталгаажуулах.
   17. Барилгын угсралтын ажилд бетон зуурмагийг цутгах ажилд “Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар. БД52-102-04” болон “Цутгамал бетон, төмөр бетоны бүтээц. БНбД 52-02-05”-ын дагуу бетон зуурмагийн конусын суултыг заавал тодорхойлж, цутгасан хийц бүтээц бүрийн бетон зуурмагаас дээж авч, бетоны шахалтын бат бэхийг итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулан цутгамал бүтээцийн бат бэхийг хангуулж байх, цутгалт, бетоны арчилгааг зохих шаардлагын хэмжээнд гүйцэтгэх.
   18. Өндөр барилгад насосоор шахах /конусан суулт ихтэй буюу хөдөлгөөнт чанар ихтэй/ зуурмагт зориулалт шаардлагаас хамааруулан уян налархайжуулалт, агааржуулагч, бэхжилтийн нэмэлтийг хэрэглэж байх.
   19. Хөдөлмөрийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1. дэх /Орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно./ заалтад тусгасан цагт иргэдийн амгалан тайван тав тухыг алдагдуулахгүй ажиллах.
   20. Барилгын талбайд материал эдлэхүүн, хийц бүтээц, тоног төхөөрөмжийг эмх цэгцтэй хурааж, өндрөөс эд зүйл унахаас сэргийлж, аваар осол, эрсдэлгүй ажиллах.

Энэхүү зөвлөмжийн дагуу өвлийн нөхцөлд баригдаж буй барилга байгууламжийн ажлын явцад барилгын үйлдвэрлэлийн талбайд техникийн аюулгүй ажиллагааг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээг авч, арга хэмжээний талаарх биелэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны дотор Хотын стандарт, хяналтын газарт албан бичгээр хариу ирүүлж хамтран ажиллахыг хүсье.