Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

НИТХ-ын чуулганаар "ХОТЫН СТАНДАРТ"-ын эхний 9 бүлэг, 38 стандартыг баталлаа

2022-05-11

Хотын стандарт, хяналтын газар нь 2019 онд байгуулагдсан цагаасаа хойш "иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх" зорилгоор дэлхийн жишиг хотуудын стандарт, нормыг Улаанбаатар хотод тулгамдаж буй өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан судалж 22 бүлэг сэдвийн хүрээнд 97 хотын стандартыг боловсруулсан. Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дээрх стандартуудын эхний ээлж болох 9 бүлгийн 38 хотын стандартыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 100%-ийн саналаар амжилттай батлууллаа. Хотын стандартыг боловсруулах ажил 2019 оноос эхэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1033 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан Орлогч Р.Дагва-аар ахлуулсан ажлын хэсэг 3 сарын турш хянан тохиолдуулж иргэд, олон нийтээс санал авсны үндсэн дээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж хэлэлцүүлсэн. Дээрх стандартуудыг нийслэлийн ажил, амьдралд хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд олон талын эерэг үр нөлөө үзүүлнэ гэж нийслэлийн удирдлага болон хотын стандартыг боловсруулсан хамт олны зүгээс үзэж байна. Хотын стандартыг боловсруулж батлуулахад оролцож дэмжлэг үзүүлсэн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, эрдэмтэд, мэргэжлийн судлаачид, төрийн албан хаагчид, санал өгч хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийтдээ талархал дэвшүүлье. Шинэ стандарт 2022.10.01-нээс мөрдөгдөж эхлэхээр тусгажээ.