Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Барилгын суурь ухаад орхигдуулсан жагсаалтын дагуу хяналт шалгалт хийж байна

2023-08-17

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Хотын стандарт, хяналтын газрын чиг үүргийн дагуу Нийслэлд баригдаж байгаа барилга байгууламж болон дэд бүтцийн барилга байгууламж тэдгээрийн ажлын явцад хяналт шалгалт хийгдэж гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд стандарт, норм дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн.

Хотын дарга барилгын суурийн зориулалтаар зөвшөөрөлгүй ухсан бол нүхийг булах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, цаашид ногоон байгууламж болгоход анхаарах хэрэгтэйг онцлон дурьдсан билээ.

Тухайлбал, А/863 дугаар захирамжийн дагуу Төвийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын суурийн нүх ухаад удаан хугацаанд орхигдуулсан 91 байршил дээр хяналт шалгалт хийгдлээ.

Ажлын хэсгийн шалгалтын урьдчилсан бүртгэл мэдээллээр Архитектур төлөвлөлтийн даалгавартай 87, Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 4, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй 56, зөвшөөрлтэй 4, хугацаа дууссан 31, бичиг баримтыг тодруулан шалгах 4, мөн тухайн байршил дээрээ ирээгүй, зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа нь зогссон суурийн байгууламжийн цутгалттай ч дутуу орхигдуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн тул холбогдох бусад Төрийн байгууллагууд чиг үүргийн дагуу арга хэмжээ авахаар ажлын хэсгийн дүгнэлт боловсруулагдаж байна.

Улаанбаатарын өнгө төрхийг дордуулж байгаа, Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа байршлууд дээр Төрийн байгууллагуудын хамтарсан шалгалт хийж стандарт норм дүрмийг мөрдүүлэх, ухсан нүхийг булуулах, орчны аюулгүй байдлыг хангуулах, тохижилт хийх, зэрэг ажлыг эрчимтэй хэрэгжүүлэн ажиллана.