Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Зөвшөөрөлгүй 107 блок барилга байна

2023-06-28

2023/06/23 -ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын шалгалтын дүн мэдээг танилцууллаа.

Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам:
Уг шалгалтаар холбогдох эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрөл авалгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн болон барьж гүйцэтгэсэн иргэн, хуулийн этгээдүүдэд цаашид авах арга хэмжээний тухай мөн тодорхой дурьдлаа.
Танилцуулгад дурьдсанаар Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 50 иргэн, хуулийн этгээдийн 107 блок барилга байна. Тэдгээрээс 49 нь газрын гэрчилгээтэй, бол нэгийнх нь газрын гэрчилгээг цуцалжээ. Дээрх 107 блок барилгыг дөрөв ангилсан. Үүнд:

Нэгдүгээрт, барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй 17 иргэн, аж ахуйн нэгжийн 31 блок барилга байна.
Хоёрдугаарт, онцгой төвөгшилтэй буюу 17 давхар буюу 51 метрээс дээш өндөртэй барьж байгаа гурван аж ахуйн нэгжийн 18 блок барилгыг Барилга Хот байгуулалтын яам руу албан хүсэлтээр шилжүүлж, шийдвэрлүүлэх саналтай байгаа юм.
Гуравдугаарт, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 21 аж ахуйн нэгжийн 48 блок барилга байна.
Дөрөвдүгээрт, барилга угсралтын ажил дуусаад, ашиглаж байгаа есөн аж ахуйн нэгжийн 10 блок барилга байгаа тул барилгын хийц, бүтээц, бат бэхийн байдалд шинжилгээ хийж чанар, аюулгүй байдалд дүгнэлт гаргуулж, шийдвэр гаргуулах саналтай байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар:
“Зөвшөөрөлгүй барилга барьж, ашиглалтад оруулаад, дараа нь зөвшөөрөл авдгийг болиулах хэрэгтэй. Ийм байгууллагуудыг торгодог, барилгыг нь нураадаг хууль, эрх зүйн хатуу зохицуулалт шаардлагатай байна” хэмээлээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, холбогдох хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламжийг албадан буулгах арга хэмжээний талаар зохих хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг хангуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.