Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хүүхдийг тоглоомын талбайд аюулгүй тоглуулъя

2023-06-22

Нийслэлийн Засаг даргын “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хотын стандарт, хяналтын газрын даргын “Стандартын шаардлага хангахгүй эрсдэлтэй хүүхдийн тоглоомын талбайд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” батлагдсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотын 6 дүүргийн 36 хорооны 240 хүүхдийн тоглоомын талбайд холбогдох стандартуудыг хэрхэн мөрдүүлж байгаа талаар хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар хүүхдийн тоглоомын талбайг эзэмшигч, ашиглагч байгууллагууд тогтмол засвар үйлчилгээг хийгдэггүй, улирлын онцлогоос шалтгаалан тоглоомууд бохирдсон, тортог суусан, орчны хөрс бохирдолтой, зарим эд зүйлс эвдэрсэн доорх нийтлэг зөрчил илэрсэн байна. Үүнд:

- Тоглоомын талбайг насны ангиллаар төрөлжүүлээгүй,
- Авто замын хэсгээс 6 метр түүнээс бага зайд байгуулсан,
- Хурд сааруулагчгүй,
- Эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж, тэмдэг байрлуулаагүй,
- Аюул учруулахуйц ирмэгтэй хэсэгтэй,
- Тоног төхөөрөмж эвдэрч хуучирсан,
- Бэхэлгээ байхгүй,
- Арчилгаа цэвэрлэгээг тогтмол хийдэггүй зэрэг нийт 3385 зөрчил тоологдлоо.

Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх нь *Хүүхдийг гадаа задгай орчинд тоглоомын талбайд тоглуулах хүүхдийнхээ энергийг зөв зарцуулах, задгай агаарт бусад хүүхдүүдтэй тоглох сайхан боломжыг олгодог. Тоглох нь хүүхдийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг бөгөөд тоглоомын талбайд хүүхдийн бие бялдар хөгжиж, асуудлыг шийдвэрлэх чадварыг суулгах, юмны эв дүй олох зорилготойгоор дүүжин, гулсуур, авирах тоглоом гэх мэт төрөл бүрийн тоглоом байрлуулдаг. Хүүхэд тоглоомын талбайд бусад хүүхдүүдтэй хамт гүйх, тоглохоос эхлээд янз бүрийн хөгжилтэй зүйл хийж хөгжилдөж, нийгмийн харилцаанд орж харилцаа үүсгэх чадвар суух зэрэг нэлээн ач холбогдолтой юм. Нөгөө талаараа гэмтэж бэртэх аюул өндөр байдаг. Ихэнх тохиолдолд эвдэрсэн тоглоом дээр тоглосон, тоглоомыг зориулалтынх нь дагуу ашиглаагүй мөн эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж хүүхдүүд их гэмтэж бэртэх тохиолдол гардаг байна. Тоглоомын талбайд тоглож байгаад гэмтсэн ихэнх тохиолдлын дийлэнх нь жижиг шарх, зүсэгдэл байдаг ч гэлээ аюултай үед яс хугарах, шүдээ гэмтээх, толгойгоо доргиох хөдөлгөх гэх мэт илүү хүнд бэртэл авах боломжтой байдаг. Харин эцэг эхчүүд та бүхэн аюулгүй тоглох, хүүхдийнхээ тоглоомын талбайд гэмтэж бэртэх эрсдлийг өөрсдөө бууруулж чадна.