Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл хуралдлаа

2022-05-11

Нийслэлийн Засаг дарга “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж гарган хэрэгжилтийг хангахаар зөвлөл байгуулсан. Тэгвэл Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл өнөөдөр анхны хурлаа хийлээ. Хуралдаанаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн хуулийн этгээдэд үзүүлж буй 44 төрлийн үйлчилгээ, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгож буй найман төрлийн зөвшөөрөл болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгодог нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцсэн юм. Ингэхдээ хуулиар зохицуулдаг тусгай зөвшөөрлийн шат дамжлага, хүнд суртлыг хэрхэн бууруулах вэ, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх тал дээр ямар саналтай байгаагаа зөвлөлийн гишүүд ярилцлаа. Тухайлбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас олгодог 44 үйлчилгээний 20 үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой болсон бөгөөд 16 үйлчилгээнд тодорхой материал бүрдүүлэх шаардлага үүссэн байна. Тус 16 үйлчилгээнд нийтдээ 186 төрлийн хавсралт шаарддаг байдлыг үе шаттайгаар халж, эхний ээлжид 109 хавсралтыг хасах боломжтой байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар танилцуулж байв.