Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

“БАРИЛЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, СТАНДАРТ” зөвлөгөөн боллоо

2023-03-21

2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгаварын дагуу Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвөлгөөн, хэлэлцүүлгийг нийслэлийн Захирагчийн ажлын алба; Хот байгуулалт, хөгжлийн газар; Хотын стандарт, хяналтын газар; Онцгой байдлын ерөнхий газар; зэрэг төрийн байгууллагууд хамтран нийслэлийн Төр, захиргааны цогцолборт зохион байгуулагдлаа.

Энэ зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын яамны 23 төлөөлөл; Барилгын хөгжлийн төвийн төлөөлөл 10; Зам, тээвэр хөгжлийн яамны 2; Эдийн засаг, хөгжлийн яамны 2, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2, Онцгой байдлын ерөнхий газраас 5, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Доктор, Мэргэжлийн холбоодын 62 төлөөлөл, Нутгийн захиргааны байгууллагын 23, 5н салбарын 53 байгууллага, 9 дүүргийн нийт 230 албан хаагчид оролцов.

Тус зөвлөгөөнөөр Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт болгон мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн өнөөгийн байдал, анхаарах асуудлаар олон талт санал солилцон, хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын төлөвлөгөө боловсруулан гаргах зорилготой юм.

Зөвлөгөөнд:
- “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, Доктор М. Өлзийбат;
- “Бүгд Найрамдах Турк Улсын газар хөдлөлт ба эрэн хайх, аврах ажиллагаа” сэдвээр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга,Бригадын генерал Б.Ууганбаяр;
- Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүн ” сэдвээр “Жайка” Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч Б.Наранбаатар;
- “Улаанбаатар хотын барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадавхийн үнэлгээ, дүгнэлт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга;
- “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар” сэдвээр Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам;
- “Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны барилгын чанар, нийтлэг гарч буй зөрчил, өргөтгөлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа;
- “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, чанар, аюулгүй байдал” сэдвээр Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг;
- “Барилга байгууламжийн зураг төсөл, зохиогчид тавигдаж буй хяналт” сэдвээр “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, “Эдшил” ХХК-ний дэд захирал Г.Алдарсайхан;
- “Бүгд Найрамдах Турк Улсад болсон газар хөдлөлтийн урьдчилсан тайлан, сургамж” сэдвээр Монголын барилгын инженерүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсын Зөвлөх Инженер, Доктор Э.Ганзориг;
нар илтгэл тавьж асуудал дэвшүүллээ.