Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хотын нэгдсэн стандартын хоёрдугаар хэсгийн төслийг хэлэлцлээ

2023-01-06

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж, тус хуульд хот нэгдсэн стандарттай байхаар тусгасан билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нэгдсэн стандартын эхний хэсэг буюу есөн бүлэг, 38 стандартыг НИТХ-аар баталж, өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн.

Тэгвэл нэгдсэн стандартын хоёрдугаар хэсэг буюу 29 стандартын төслийг боловсруулаад буй. Энэхүү төслийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах, мэргэжлийн бүх байгууллагын саналыг тусгах, оролцогч талуудын үндэслэл бүхий саналыг тусган цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтийн дунд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц, гудамж, зам, барилга байгууламжийн хаягжилт, нийгмийн аюулгүй байдал, барилгын материал зэрэг 29 стандартын төслийг таван хэсэгт багцлан товч танилцуулж, холбогдох байгууллага, иргэдийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 300 орчим хүн оролцож, санал, бодлоо хуваалцав.