Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмж

2022-10-20

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд монгол гэр болон түүнтэй адилтгах сууцанд ашиглах зуух, пийшингийн зөв зохистой хэрэглээ, аюулгүй байдал, сайжруулсан шахмал түлшний галлагаа болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг цувралаар хүргэж байна.
Иргэд та бүхэн галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор дараах зөвлөмжийн дагуу угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, аюулгүй байдлаа хангахыг ЗӨВЛӨЖ байна.

УГААРЫН ХИЙНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
Угаарын хий нь зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалтгүй нөхцөлд үүсдэг бөгөөд түлш шатаж эхлэх болон шатаж дуусаад гал бөхөх үед ихээр үүсдэг. Энэ үед яндангийн таталт сайн байх шаардлагатай. Яндангийн таталт муу байвал зуухны ам болон эвдрэл, гэмтлийн улмаас үүссэн завсар зайгаар гэр дотор угаарын хий тархаж уушгиар дамжин цусны урсгалд орж хүний бие махбодь, эд эсэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасган аминд хүрэх эрсдэлийг бий болгодог.

Иймд угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлж дараах арга хэмжээг авах нь зүйтэй. Үүнд:
1. Хувийн сууцанд угаарын хий илрүүлэхэд зориулагдсан цахилгаан аппарат хэрэглэх шаардлагатай.
2. Зуухны гагнаас, холбоос, яндан, ханан пийшингийн худаг нь технологийн дагуу хийгдэж, угсрагдсан байх шаардлагатай.
3. Зуух, пийшинг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглах, улирал бүр цэвэрлэж хөөлнө.
4. Зуух, пийшингийн аюулгүй ажиллагааг хангаж зөв суурилуулна.
5. Яндангаар ус орж, хөөг норгон лаг үүсгэх, яндан, ханан пийшингийн худгийг бөглөхөөс сэргийлэх арга хэмжээг авна.
6. Яндан, ханан пийшингийн бүх худгийг цэвэрлэж хөөлнө.
7. Галлагааг технологийн дагуу хийнэ.
8. Зуух пийшинд агаар өгөх агаарын нээлхийг бүрэн хаахгүй, тохиромжтой хэмжээний зай үлдээнэ.
9. Зуухны ам, үнсний тосгуур нь тал бүрдээ битүүмжлэгдсэн, шаталтыг тэтгэх, агаар сорох нүх нь зохих хэмжээнд байна.
10. Гэр, сууцанд тогтмол агааржуулалт хийх шаардлагатай.