Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Утааны яндан суурилуулалт, яндан зуухны холболтын талаарх зөвлөмж

2022-10-05

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд монгол гэр болон түүнтэй адилтгах сууцанд ашиглах зуух, пийшингийн зөв зохистой хэрэглээ, аюулгүй байдал, сайжруулсан шахмал түлшний галлагаа болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг цувралаар хүргэж байгаа билээ.

Иргэд та бүхэн галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор дараах зааврын дагуу яндан суурилуулалт, яндан зуухны холболтыг зөв хийсэн эсэхээ шалгаж, аюулгүй байдлаа хангахыг ЗӨВЛӨЖ байна.

- Яндан өрөхөд хэрэглэгдэх тоосго нь ан цав үүсээгүй, бат бөх чанартай байх шаардлагатай.
- Яндангийн диаметр 100 мм, гэрийн тооно болон барилгын дээврээс 700 мм-ээс дээш илүү гарахаар өндөр байх шаардлагатай.
- Утааны яндангийн өндрийг үнсний сараалжны түвшингээс яндангийн дээд амсар хүртэл 5 м-ээс багагүй байхаар төлөвлөнө.
- Дээврийн орой ба хашлаганаас 1.5 м хүртэл зайнд утааны яндан байршуулах үед дээврийн орой ба хашлаганаас дээш 500 мм-ээс багагүй байхаар хийнэ.
- Дээврийн орой ба хашлаганаас 1.5-3.0 м-ийн зайнд байрлуулах үед дээврийн орой ба хашлаганаас намгүйгээр хийнэ.
- Дээврийн оройгоос 3 м-ээс хол зайд байрлуулах үед оройгоос хавтгайд 100-ийн налуугаар доош татсан шулуунаас доошгүйгээр шийднэ.
- Утаааны яндантай зэрэгцээ байхаар угсрагдсан агаар сорох сувгийг түүнтэй тэнцүү өндөртэй байхаар төлөвлөнө.
- Яндангийн холбоос болон ханан пийшинд холбогдож буй хэсэг нь утаа сийгэж гарахааргүй битүүмжлэл сайтай байх шаардлагатай.
- Янданг холбохдоо утаа урсан гарахад холбоосын завсар зайгаар утаа алдагдахгүй байхаар дээд талын хэсгийг доод хэсгийн амсарт дээрээс нь доош углаж холбоно.
- Зуухыг ханан пийшинд холбохоос өмнө утаа таталтыг сайтар шалгана.
- Яндангийн хэвтээ холболтын хувьд хийн хоолойн холбогчийн урт 80 мм-ээс, босоо холболтын хувьд доод тал нь 25 мм-ээс тус тус доошгүй байна.
- Яндангийн дугуйрсан холболт хөөгөөр бөглөрдөг учир уг холболтыг хийхийг хориглоно.
- Ханан пийшинд зуухыг суурилуулахдаа зуухнаас пийшинд холбогдох холбоосыг хэт гүнзгий суулгаж болохгүй. Гүн суулгасан тохиолдолд уг холбоос яндангийн таталтыг бууруулах, амархан бөглөрөх эрсдэлтэй.
- Утааны янданг эгц босоо байдлаар, 120 мм-ээс багагүй зузаантай тоосго эсвэл 60 мм-ээс багагүй зузаантай, халуунд тэсвэртэй бетоноор, суурь болон яндангаа 250 мм-ийн гүнтэй цэвэрлэх зориулалтын хаалга бүхий нүх гаргаж төлөвлөнө.