Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэх тухай

2024-03-26

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн удирдах ажилтнуудын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн, эзэн холбогдогч тодорхойгүй шонг буулгаж, зөрчлийг арилгуулах үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах зорилгоор гэрэлтүүлгийн ашиглалт, угсралтын үйл ажиллагаа явуулж буй бүтэц зохион байгуулалт, тусгай зөвшөөрөлд тусгагдсан мэргэжлийн боловсон хүчин, техникийн бэлэн байдал, цахилгааны дэд өртөө, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагаа, шугам сүлжээний хамгаалалтын зурвас, цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагаа, хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдлын барагдуулалт, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж буй зэрэгт Төрийн хяналт шалгалтын тухай, Эрчим хүчний тухай, Барилгын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудын хэрэгжилт болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын мөрдөлтийг хангаж ажиллах, үйл ажиллагааны явцад нийтлэг тохиолддог зөрчил, дутагдлуудыг арилгах, инженер техникийн ажилтнуудад судлуулах, дотоодын хяналтыг сайжруулах ажлын хүрээнд дор дурдсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь зүйтэй.

Үүнд:

1. Үйлчилгээний онцлогт тохирсон, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдал, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэмд нийцүүлсэн техник, тоног төхөөрөмжийн зааврыг боловсруулан батлуулж, ажлын байранд байршуулах;

2. Техникийн паспортыг хөтөлж, баяжилтыг тухай бүр хийх, үзлэг, засварын ажлыг хийсэн тухай тэмдэглэл, зүйл заалтын дагуу утга агуулгыг оновчтой тодорхой бичих;

3. Угсралтын ажлыг батлагдсан зураг, төслийн дагуу гүйцэтгэх, хийсэн ажлын акт, протоколыг бүрдүүлэх барилга байгууламжуудын зураг төсөл, бичиг баримтын иж бүрдлийг, эмх цэгцтэй хадгалах;

4. Өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмж, ерөнхий самбаруудын ажлын зураг, зарчмын схемийг ажлын байранд болон ерөнхий самбарт байршуулах;

5. Инженер техникийн ажилчдад аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрмийг мөрдүүлэх, уншуулах, судлуулах, аюулгүй ажиллах арга барилыг эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн осол, аюулгүй ажиллагааны мэдлэг олгоход чиглэгдсэн сургалтын ажлыг дүрмийн дагуу зохион байгуулан сургаж мэдлэг, дадал, хэвшил олгож байгаа байдалд анхаарах, сургалтад хамруулах;

6. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 3-н шатны зааварчилгааг үр өгөөжтэй өгөх, тогтмолжуулах, нэн ялангуяа өдөр тутмын зааварчилгааг ажлын онцлог, орчин нөхцөлд нь тохируулж, тухай бүр өгч баталгаажуулж байх, ажилчдын мэдлэг чадварын төвшингийн байдалд дотоодын хяналт тавьж ажиллах;

7. Инженер техникийн ажилтан нарыг засвар, угсралтын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх мэдлэг чадварыг үнэлэн тогтоож, хүчдэлтэй тоног төхөөрөмжтэй ажиллах эрхийг баталгаажуулах /группийн үнэмлэхжүүлэх/ мэдлэгийн шалгалтыг тогтмол авч хэвших;

8. Ажилчдыг чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх үйл ажиллагаа, хамгаалах хувцас, хэрэгслийн хангамж хүрэлцээний байдалд анхаарах;

9. Давтан газардуулгыг хийх, баталгаажсан хэмжих хэрэгслээр газардуулгын эсэргүүцлийг нормт хугацаанд хэмжиж, акт протоколоор баталгаажуулах ажилд онцгой анхаарч ажиллах, хэвших, техникийн паспортад тэмдэглэх;

10. Ажлын байрны галын болон тэсрэх аюулын зэрэг, орчны нөхцөлөөс хамааруулан шугам сүлжээ, цахилгаан үүсгүүр, хөдөлгүүр, гэрэлтүүлэгч зэрэг бусад цахилгаан тоног төхөөрөмжийн сонголт, ашиглалтын байдалд хяналт тавих, эрсдэл үүсэхээс сэргийлэх, сэрэмжлэх;

11. Цахилгааны богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, хүчдэл ихсэх үед хамгаалах хэрэгслийг ашиглах, тодорхой хугацаанд хэвийн ажиллагааг шалгаж байх, туршилтад хамруулах;

12. Цахилгаан шугам, аппаратын гэмтэл нь дамжуулагч утас болон кабелийн хөндийрүүлэгч, бүрхүүлийг хэт халаах, богино холбоо үүсгэх, оч гарах нөхцөлийг бүрдүүлсэн байвал аюулгүй байдлыг хангах хүртэл сүлжээнээс салгах, засварлах, солих;

13. Ашиглалтын явцад тусгаарлах шинж чанараа алдсан гэмтэлтэй агаарын болон газрын кабель шугамуудыг яаралтай сэргээн засварлах.

14. Хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн зэрэглэлийн байдалд анхаарч нөөц эх үүсгүүртэй болгох, схемийн дагуу холбогдох, ашиглах;

15. Цахилгаан тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, үйл ажиллагаа нь холбогдох дүрэм, журам, норм, стандарт, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж байгаа эсэхэд дотоодын хяналт тавьж ажиллах; 16. Өнгө үзэмж муудсан, хазайсан болон гэмтсэн гэрэлтүүлгийн шонг засварлаж өнгө будгийг сэргээн хэвийн байдалд оруулах;

17. Угсралт, ашиглалтын явцад “Эрчим хүчний тухай” хууль, “Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”, “Цахилгаан байгууламжийн дүрэм” БД 43-101-03, “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” БНбД 21-01-02, “Цахилгаан техникийн ажил” БНбД 3.05.06-90, “Орон сууц, олон нийтийн барилгын цахилгаан төхөөрөмжийг төлөвлөх ба угсрах” БД 43-102-07 зэрэг хууль, норм, дүрмийн хэрэгжилтийг тус тус хангаж ажиллахыг мэдэгдэж байна.