Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

"Иргэдэд ээлтэй стандарт" өдөрлөг боллоо

2023-10-04

Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Иргэдэд ээлтэй стандарт” нэгдсэн уриатай өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо.

Тус өдөрлөгт Хотын стандарт, хяналтын газар иргэд олон нийтэд хотын стандартын тухай мэдлэг мэдээлэл олгох, байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготойгоор оролцсон юм.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нь анх 1923 онд Жин хэмжүүрийн товчоо нэртэйгээр байгуулагдсанаас хойш өдгөө үндсэн 8 нэгж, 1 алба мөн орон нутгийн 20 аймагт салбар хэлтэстэй, салбарын хэмжээнд 420 гаруй ажилтан, албан хаагчидтайгаар хөгжлийн олон үеийг туулж ирсэн 100 жилийн түүхтэй юм.

Хотын стандарт, хяналтын газар нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтууд, Нийслэлийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас хотын стандартын тогтолцоог хөгжүүлэх талаар баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд 1000 гаруй иргэд, аж ахуйн нэгж хүрэлцэн ирж цахим бүртгэлд хамрагдаж, хотын стандартуудтай танилцаж, Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд саналаа өгч, дэмжин оролцсон байна.